Анд нөхөртөө зориулсан үг


Сэтгэл гунигаа даахгүй энэлэн гашуудаж, араас чинь уйлан гашуудаж байна. Цэл залуухан хөрөг зураг чинь эмгэнэлийн гашуудалт мэдээнд даанч нэг зохихгүй байна. Хүнд адармаатай ертөнцөд хамтдаа зүтгэж, нэг зорилготой, нэг хүсэл эрмэлзэлтэй хамтдаа инээлдэж, хамтдаа гуниж явсан анд минь... Үхэл гэдэг дөрөвхөн үсэгтэй үгний цаагуур үүрд чи алга боллоо гэж үү... Ахиад хаалгыг минь тогшихгүй, утсаар ярихгүй ... хошин боловч цаанаа үлдэцтэй, хөнгөхөн боловч нэхэл хатуутай ... наргианч үгээрээ яриа өдөхгүй гэж үү... Ай анд минь... арай л эрт явчихаж байгаа юм биш үү...

Хань, үр хүүхэд чинь, анд нөхөд чинь өнөөдөр гашуудахын дээдээр гашуудаж, уйлан хайлан сууна. Харууслаа харууслаа гээд хайрт анд минь босоод ирэх бил үү...

Найз шиг минь цайлган цагаан, бас зоригтой шулуун шударга, хурц дайчин итгэл сэтгэл байдаг гэдэгт би лав үнэмшиж чадахгүй. Чамаараа бахархаж, чамайг өмнөө барьж явсан маань одоо дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэж чадахгүй сууна.


Хожмын өдөр ингэж чинийхээ араас эмгэнэл бичиж сууна гэдгээ мэдэхгүй инээлдэн уулзаж, нөхөрлөж явсан он жилүүдээ одоо дурсамж болгон зүрхэндээ үүрд хадгаллаа. Хорвоод хийж бүтээж амжаагүй бүхнийхээ төлөө бүү харуус даа, анд минь. Нөхөд чинь чадах ядахаараа хийж хүслийг чинь гүйцээнэ гэдгээ алтан шарилын чинь өмнө андгайлж байна... үүнд итгэж тайван нойрсоорой...Амраг хань, алаг үрсийг чинь харж, хайрлаж явах нөхдөөр чи минь дутахгүй ээ...Энэ бол чиний амьддаа босгож чадсан хөшөө юм. Энэ бол бидний амлаж чадах үг юм. Тайван нойрсож бурханы утгыг олоорой анд минь...үүрд хагацъя даа....

--- ооо О ооо ---