Бид Монголд заах биш харин тэднээс суралцахаар болжээ

Энэ үгийг Оршуулгын үйл ажиллагааны туршлага солил­цох олон улсын

уулзалтад морилон саатсан гадаадын зочид нэгэн дуугаар хэлж байсан юм.

Олон улсын эл уулзалтыг энэ сарын 4-6-нд Улаанбаатар хотноо

“Улаанбаатар буян" ХХК, “Буяны зан үйлийн холбоо"-ны санаачлагаар зохион

байгуулсан бөгөөд Олон улсын Оршуулгын холбоо, Латин Америкийн

Оршуулгын холбоо, Азийн Оршуулгын холбоо, БНХАУ-ын Оршуулгын холбоодын

гишүүн 10-аад орны 20 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирсэн.

“Одоогоос 15 жилийн тэртээ Баянхошууны хийдэд шавилан суудаг манай

садангийн лам Эрдэнэбат Улаанбаатарт бурхан болоочдыг хөдөөлүүлэх ажил

ихээхэн чирэгдэл бэрхшээлтэй тулгарах болсныг яриад “Буяны энэ

үйлчилгээнд эрс өөрчлөлт хиймээр болжээ. Та үүнийг санаж сэдвэл яасан юм

бэ, энэ үйлст хөрөнгө оруулбал олонд буян болох биш үү гэсэн юм. Тэр

үед бид “New mind" компаниа байгуулаад удаагүй шинэхнээс гадна, хөрөнгө

мөнгөөр ч даржин байлаа. Гэсэн ч хувраг хүний энэ үг надад их ойр

дуулдаж, сэтгэлээс нэг л холддоггүй байлаа. Тэгж байтал өвөө минь өөд

болж нийтийн жишгээр нутаглуулж, 49 хоногоор нь өвөөгийнхөө газар дээр

очиж үзэхэд ламтны санаа чилж буйн учир шалтгааныг мэдэрч, өөд болоочдын

хойтын буяныг үйлдэх ажил Улаанбаатар хотод үнэхээр хүндэрснийг бүрнээ

ойлгож, сэтгэл нэн зовж хэрхвэл өөрчлөх вэ гэж эрэлд хатаж эхэлсэн

билээ" хэмээн “Улаанбаатар буян" компанийг үүсгэн байгуулагч

Гаравсүрэнгийн Идэрмаа хатаг­тай Оршуулгын үйл ажиллагааны туршлага

солилцох олон улсын уулзалтад морилон саатсан гадаад дотоодын зочдод

ярьсан юм.

Түүний ярьсан энэ цаг үед монголчууд хорвоогоос буцсан нэгнээ сүүлчийн

замд нь үдэхдээ газарт оршуулах ганцхан аргыг хэрэглэж байв. Хөдөөд л

хаа нэг ил тавьдгаас хотод бол тэр бүр ил задгай орхиод байдаггүй.

Гэхдээ хот өргөжих хэрээр нийслэлийнхний талийгаачаа нутаглуулдаг

чимээгүй хот хүрээгээ тэлж гэр хороололтой хаяа нийлэх болсон нь хаа

хаанаа сэтгэл зовоосон асуудал байсан юм. Чухам энэ үед буюу 1999 оны

намар Улаанбаатар хотод шарил чандарлах Буяны сүм байгуулахаар Г.Идэрмаа

нөхдийнхөө хамт зориглон анхныхаа төслийг бичиж байжээ. Тэд төслөө

зүгээр ч нэг тойрч суугаад биччихсэн юм биш. Олон улсын туршлага, улс

үндэстэний оршуулгын зан үйлийг судалж, монголчуудын үүх түүхтэй

харьцуулан нэг төрлийн томоохон судалгааны ажил явуулсан байна. Мөн энэ

үед олон нийтийн дунд хэд хэдэн удаа санал асуулга явуулжээ. Ингэхэд

нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь шарилыг чандарладаг болох нь зүйтэй

гэж хариулсан нь ийм үйлчилгээ хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлийг улам

лавшруулсан гэнэ. Гэхдээ цагаа тулахаар иргэд ийм үйлчилгээг сонгох

болов уу гэх эргэлзээ байсан ч санаж сэдсэнийхээ эцсийг үзье хэмээн

зүтгэсэн нь өдгөө монголчууд оршуулгын зан үйлдээ чандарлах аргыг түлхүү

хэрэглэдэг болсноор үр дүн нь тодорхойлогдож буй юм.

“Эхлээд Монголын олон банкнаас энэ төслийг санхүү­жүүлнэ үү гэж

гуйлаа. Тэгэхэд нэг ч банк алив гэж дуугараагүй л юм даа. Төр захиргааны

олон байгууллагаар гутлынхаа улыг эргэтэл явсан ч албан тушаалтнууд

зөвшөөрч өгөхгүй удсан. Хийсэн төслөө барьсаар олон улс орон хэслээ.

Германы “Дойче" банкинд хандвал “Яах аргагүй дэмжих ёстой төсөл байна.

Улс орны жишиг болсон хот чандарлах үйлчилгээтэй байдаг нь ёс. Харин

хатагтай Идэрмаа та хувь хүнийхээ хувьд үүнийг хийчихнэ гэж баттай

итгэж байгаа хэрэг үү. Манайд бол иймэрхүү төслийг төр нь хийх ёстой гэж

үздэг. Тэр тусмаа хөгжиж байгаа танай орны тухайд тодорхой хувь хүн

биш, төр засаг нь хийх учиртай. Бид ийм төслийг дуун дээр дэмжих

сонирхолтой хэдий ч Монголын олон бизнесмэн манайхаас авсан зээлээ

хугацаандаа эргүүлж төлөөгүй учраас танай төслийг дэмжих арга алга"

гэсэн хариу өгч байлаа.

Арга тасарч, итгэл алдардгийн даваан дээр Германы зуух нийлүүлэх

компанитай тохи­ролцсон юм. Танайх газрынхаа зөвшөөрлийг аваад барилгаа

баривал манайх тоног төхөө­рөмжөө нийлүүлж, хамтарсан компани байгуулъя

гэсэн шийдэлд хүрээд байлаа. Газрын асуудал ч амархан шийдэгдчихээгүй.

Хэд дахин явж, хэчнээн газар сонгож байж одоогийн Баруунтурууны

цогцолборынхоо газрын зөвшөөрлийг авч энэ газар шаваа тавьж, төвхнөсөн

түүхтэй" хэмээн ажил анх эхлэхэд учир зовлонгийнхоо зах зухаас Г.Идэрмаа

захирлыг ярихад түүнийг сонсч суусан гадаадынхнаас илүү монголчууд

гайхаж байсан юм. Учир нь ердөө арван хэдхэн жилийн өмнө эхэлсэн гэхэд

хэдий завандаа ийм өргөн хүрээг хамарч үйл ажиллагаа нь жигдэрч чадав

гэж яах аргагүй бодогдсон. Хамгийн гол нь хэдийгээр манай эцэг өвгөд

мэддэг байсан ч 1990-ээд оны монголчуудад төдий л танил биш чандарлах

гэдгийг жирийн иргэд байтугай сүм хийдийн лам хуврагууд алга ташин

хүлээж аваагүй нь ойлгомжтой. Тийм болохоор хамгийн хэцүү ажил нь

хүмүүст зөв ойлголт өгөх байж. Нэгэнт ойлгуулж чадсан бол хийж буй

бүхнээ хамгийн шилдэг шинэлэг байдлаар гүйцэтгэхэд анхаарч ажиллажээ.

Хорвоогоос буцсан нэгний хойтын буяныг гардан зохион байгуулна гэдэг

хэн нэгний гарын үзүүрээр хийчих ажил биш. Үлдэгсдийн сэтгэлд сэвгүй,

буцагсдын үйлд буруу зүйлгүйгээр зан заншил, ном журмын дагуу хийхийг

чухалчилж 2004 онд “Улаанбаатар буян" ХХК Монгол Улсад анх удаа

уламжлалт шашны зан үйлийг олон улсын стандарт шаардлагад нийцсэн техник

технологитой хослуулан шарил чандарлаж оршуулах “Буяны цогцолбор"-ыг

байгуулсан байна. Олон улсын жишигт нийцсэн энэхүү шинэлэг үйлчилгээ бий

болсноос хойшхи арван жилийн хугацаанд оршуулгаас үүдэлтэй нийслэлийн

газар эдэлбэр, байгаль экологи, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Хэдхэн тоо дуулгая. Энэ

арван жилд бурхан болоочдын 20 мянга гаруйг чандарлах зан үйлээр

нутаглуулснаар хотын газраас 300-400 га-г оршуулгын газар болгохоос

хамгаалж чадсан. Мөн газарт оршуулсан шарилаас төрөл бүрийн хорт хий

ялгарч агаар болон хөрсөнд 60-70 жилийн турш амь бөхтэй оршин байдаг.

Тэгэхээр нийслэлийн хэмжээнд 20 мянган шарил газарт оршуулаагүй гэхээр

хэр хэмжээний хорт хий хотын агаар, ус, хөрсөнд нэвчиж нэвтрээгүйг

тооцож болох биз.

Бид өөрсдийгөө сайн байна, сайхан болжээ хэмээн магтаж сайшаах нэг

хэрэг. Харин ирж буцсан зочдоос үг дуулж үлдэх л гол нь байдаг жишгээр

Оршуулгын үйл ажиллагааны туршлага солилцох олон улсын бага хуралд,

оролцогчдын сэтгэгдлийг сонссон юм.


Жижиг зүйлийг ч хүмүүсийн сэтгэлд хүрсэн байдлаар шийджээ


БНХАУ-ын оршуулгын холбоо­ны болон “Семетри" оршуулгын нэгдсэн

байгууллагын захирал, Шанхай хотын “Фу-Шу-Ян" груп­пийн ерөнхийлөгч Ван

Жишинг:

-Монгол Улс сүүлийн 8-10 жилийн хугацаанд маш их өөрчлөгджээ. Зөвхөн

нийслэл Улаанбаатар хот биш, оршуулгын салбарын хөгжил асар хурдацтай

урагшилсан байна. Бид “Улбаанбаатар буян", “Нью семетри" компанийн байр

болон чандарлах төвүүдтэй танилцсан. Аравхан жилийн дотор ийм өндөр

амжилтад хүрнэ гэдэг амаргүй. Тэд орчин үеийн дэвшилтэт тоног

төхөөрөмжтэй юм билээ. Тэдний гүн ухаан нь өв соёлтойгоо маш ойр,

ихээхэн уялдаатайн дээр орчин үеийн шийдлүүдтэй хослуулж өгснөөрөө

өвөрмөц юм. Түүнчлэн оршуулгын газар нь монголчуудын зан үйл, соёл, зан

заншилтай нийцсэн, жижиг зүйлийг ч гэсэн хүмүүсийн сэтгэлд хүрсэн

байдлаар шийджээ. Хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээ нь маш нарийн юм.

Тооцоо, судалгаанд суурилсан, нарийн багцуудыг гаргаж, төрөлжсөн

үйлчилгээг санал болгодог юм байна. Тиймээс бид Монголын Буяны зан

үйлийн холбооны ерөнхийлөгч, “Улаанбаатар буян" компанийг үүсгэн

байгуулагч Г.Идэрмаа болон түүний хамт олонд баяр хүргэж, бидэнтэй

хамтран ажиллаж байгаад нь талархаж байна. Бид цаашид тэдэнтэй илүү

ойртож, хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа. Бие биеэсээ харилцан

суралцах, туршлага солилцох зүйлүүд ч их байна. Ингэснээр дэлхий

дахины оршуулгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Тийм

учраас хоёр талын Оршуулгын холбоо гүн гүнзгий харилцаа, хамтын

ажиллагаатай байна гэдэгт найдаж байгаа.


Байгаль орчинд ээлтэй шийдэлд “А" үнэлгээ өгнө


БНХАУ-ын Оршуулгын холбоо­ны гишүүн Жан Хунчан:

-Би Олон улсын оршуулгын холбооны шугамаар дэлхийн олон улс оронд

очсон. Энэ удаа Монголын “Улаанбаатар буян" компанийн ажилтай танилцлаа.

Олон улсын жишигт нийцсэн техник, технологи нэвтрүүлж, монголчуудынхаа

өв соёл, уламжлалд нийцсэн ажлыг эрхэлж байгааг олон зүйлээс олж

харлаа. Монгол өргөн уудам газар нутагтай ч, хот тэлэлт, хүн амын эрүүл

мэнд, хөгжлийнхөө ирээдүйг харах учиртай. Бага зай талбайд олон хүний

чандрыг хадгалсан сац суварга, мөн дурсгалын хөшөө босгосноор газар

хэмнэсэн нь, байгаль орчинд ээлтэй шийдэл болж чадсанд бидний зүгээс

“А" үнэлгээ өгч байна. Бусад улс орнууд ч туршлага авахаар ажил

болсныг хэлэх хэрэгтэй.


Зочид манайд оршуулгын зан үйлийг хэрхэн гүйцэтгэдэгтэй биечлэн

танилцсан бөгөөд хийж хэрэгжүүлсэн бүгдийг нь үзэж харсны эцэст “Бид

Монголд заах биш харин тэднээс сурах зүйл их байна" хэмээсэн нь анхаарал

татаж байсан юм. Тэд мөн Улаанбаатар хотын буяны үйлчилгээний

байгууллагуудын үйл ажиллагаа тэр дундаа “Улаанбаатар буян" ХХК аравхан

жилийн дотор үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тог­толцооны

ISO9001:2008, Хөдөл­мөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын

тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартуудыг нэвтрүүлэн,

хэвшүүлж чадсан нь Монгол Улс дахь оршуулгын салбарын хөгжил дэлхийн

жишигт хүрcнийг илтгэж байна хэмээн дүгнэсэн юм.

8-р сар. 9, 2017, 10:27 a.m.

Бусад мэдээ