×

БИТҮҮЛЭХ ЁС

Published: 5 жил, 9 сар өмнө

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн <Лавай> хэмээх өвлийн адаг сарын гучны буцаж байгаа буурал жилийн отголох өдрийг буюу хуучин оны битүүрэн хангирсах өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг хүн ард зан үйлээр үддэг ёс заншилтай. Лавай сар гэдэг нь өвлийн адаг сар юм. Альшаа зэрэг нутагт түүнийг Ла сар гэж эерүүлэн дууддаг.

Битүүлэх ёсны бэлгэдлийг хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн С. Дулам “Ер нь битүүлэх ёсны гол бэлэгдлийн утга нь байгаль ертөнцийн (саргүй харанхуй битүү байх) бодитой үзэгдлээс, цаг улирлын халагдан солигдоход (нэгэн бүтэн жилийн битүүрэн төгсөх) түүнээс хүн ардын нэгэн жилийн мөчлөгт үйл хэргийг үдэн дүгнэж, дараа жилийн шинэ мөчлөгийг угтаж буй (битүү гаргах, битүү хоол идэх, тоглох наадах) зан үйлээс бүрдсэн давхар давхар утгатай бөгөөд маргааш гарах билгийн улирлын шинэ жил, хувь сар, шинийн нэгний цагаалган ёслолтойгоо зааглан салах, хийгээд нэгдэн бүрдэх өвөрмөц учир жунцантай юм” гэжээ.

Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусгадаг заншилтай. Хүн амьтнаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгч урьд хэрэлдэж, эв түгжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч эв эеэ засдаг.

Лавай сарын хорин есөнд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хот хороогоо засч, хог буртгийг нь цэвэрлэж цэмцийлгэдэг. Мал адгуусны сэг зэм, өвдөл цөвдлийг хүртэл булж далдалдаг.

Эмэгтэйчүүд эл өдөр исэг цагаагаа бэлтгэж үдээс хойш ширээндээ идээ будаагаа засаж тавьдаг. Эрэгтэйчүүд нь хүлэг сайн морьдоо барилж, хур дэлийг нь сумлан засч, тоног баавар нь гялалзсан шинэ эмээлээ зэхдэг учиртай. Хоточ сайн нохойныхоо уяа хүзүүвчийг хүртэл шинэтгэн сольдог.

Шинэ сарын шинийн нэгний өглөө гал голомтоо ариулах, эр хөх аргалыг хүртэл битүүнд бэлтгэж зэхдэг.

Битүүний орой өрхийн тэргүүлэгч хонь малаа хотлуулаад гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиулсны орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана шарилж тавьж, муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан тавьдаг билээ. Битүүний орой шинэ дээлээ өмсцгөөж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, мөн галдаа өргөж, бурхандаа дээжилсэний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлэтэй эхэлж барьдаг ёстой. Ингэж битүүлж эхлэхэд аав, ээж, ах, дүү, хөвгүүд, бэргэд эрэмбэ дараалан сууцгааж, цөм товч бүчээ бүрэн товчилж малгайгаа өмсөж ёсолдог. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.

Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтоос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж, гургалдайгаар нар зөв ороож, сэмжээр бүтэн дал дөрвөн өндөр, хонтой шаант залаатай богтосны аль нэгийг тавьж битүүлдэг юм.

Битүүний орой бууз жигнэж, банш чанаж, мөн шөлний будаа хийж, гурав тогоолон айл хөршийнхөндөө хүүхэд багачуудаар бууз банш хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж, тэр бууз, банш таарсан хүн ирэх жилд олз омогтой явахыг бэлэгшээдэг. Хүний, өөрийн хүүхэд багачуудад мөч махаар хувь хишиг хүртээдэг.

Битүүний орой, -Сайхан битүүлцгээж байна уу? гэсэнөлзий бэлгэтэй сайн сайхан үгс хэлэлцдэг.

Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, ууж гүйцсэний эцэст үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нуух, хорол зэндмэни эвлүүлэх зэргээр тоглодог.

Бусад мэдээ