​ЗОЧЛОХ ЁС

Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл билээ. Энэ нь ах дүүс анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэг нь салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биеэсээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэдэг. Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой.

Цагаалга, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн шинжтэй цайллага, дайллага нь иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхнөө, ах дүү, анд нөхдөө урьж дайлж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг. Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог. Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм. Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм. Будаалгад оролцох хүний байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай. Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье. Үүнд:

ЦАЙЛЛАГАД:

  • Цай (цайны зүйл)
  • Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ)
  • Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг)

БУДААЛГАД:

  • Цай
  • Идээ
  • Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг)
  • Ундаан (жимсний ус, пиво, дарс, айраг зэрэг)

Дайллага нь цайллагатай адил боловч тухайлсан нэг хоёр гэр бүлийг бус тухайн нутаг усныхан, хамт олныг хамарсан өргөн хүрээтэй, хүндэтгэлийн шүүс ууц тавьж, идээ будааг олон төрөл зүйлтэйгээр өргөн бэлтгэдгээрээ ялгаатай юм. Хүндэтгэлийн ширээнд 15-18 ул боовоор 5-6 үе өрсөн их идээ, бүрин их шүүс буюу ууцыг бэлтгэж баруун гар талд идээг зүүн гар талд шүүсийг тавина. Мөн 2-6-8 тавагт ааруул, амталсан цагаан будаа, өрөм бяслаг, үзэм, алим, жимс зэргийг тавиад байнга сэлбэж байна. Ийнхүү зочныг цайлж дайлахдаа эхлээд цайгаа, дараа нь идээ, цагаалгаа, шүүс ба махан хооол, айраг архийг насны эрэмбээр барина. Цайлуулж дайлуулж байгаа хүн хэн ч байсан дээрх дарааллыг хатуу баримтлан, идээ зоогт хүрэх, хүртэх ёстой. Монголчуудын дайлах ёс нь хүнийг хүндэтгэх, хүмүүжүүлэх гүн утга агуулгатай сайхан уламжлал юм.

ДАЙЛЛАГАНД:

  • Цай
  • Идээ
  • Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз, хуушуур)
  • Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилно)

7-р сар. 3, 2018, 7:37 p.m.

Бусад мэдээ