×

МОНГОЛ ЁС ЗАНШИЛ

Г

ГЭР БАРИХ ЁС

Гэр барихдаа баруун хатавчны хананаас эхлэн нар зөв дугуйлан босгож хооронд нь амыг нь нийлүүлэн боодог. Монголчууд гэрийн хананы амыг буруу нийлүүлэхийг <нохойн ам нийлүүлэх> гэж их цээрлэдэг юм.

Гэрийн хаалгыг монголчууд урд зүг рүү харуулдаг. Тэгэхдээ уулын онь чиглүүлэхийг бас цээрлэнэ. Гэрийн хаалгыг хазгай муруйгүй тэгш барихыг ямагт эрхэмлэнэ.

Гэрийн хаалгыг хоёр талын ханатай хошлонгоор бэхлэн босгоно. Харин тооныг дээш өргөж, баганаар тулж, дөрвөн талаас нь хэд хэдэн унь өлгөж тогтоодог. Тэгээд бүх унийг урьд голоос эхлэн өлгөж дуусдаг юм. Унинуудаа тоононд өлгөж дуусаад, тоононоос дөрвөн чагтага дөрвөн тал руу татдаг. Дараа нь гэрийн урьдах, хойтох цаваг нөмөргөж, хатавчны туургуудаа бүслэн сэжүүрүүдийг нь зөрүүлж, урьд дээврээс эхлэн дээврүүдээ тавьдаг. Зун цагт бол туурга, тээвэр нь байдаг. Өвөлд бол хоёр юм уу гурваар туурга дээврийг давхарлаж, гадуур нь цагаан бүрээс нөмөргөдөг. Тэгэхэд талд гэрүүд цагаан мөөг бөмбийлцөн харагддаг билээ. Дээврийн оосрыг дөрвөн зүгт даруулж уяхын өмнө гэрийн гадна талын дээр доорхи хоёр хошлонг тойруулан татаад бүх оосроо бэхэлдэг юм. Хамгийн сүүлд нь өрхөө тавьж, гурван бүслүүрээ татаад хоёр шигшиг уядаг. Гэрээ барьчихаад гэрийн эзэгтэй шинэ цай чанаж, идээ будаагаар гэр баригсдыг зочилдог заншилтай.

​ГЭРИЙН ХҮМҮҮЖИЛ

Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай. Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах. Үнэнч шударга байх, аав ээж, лам багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжисаар иржээ.

Гэрийн хүмүүжил насны заагаар дөрвөн үетэй: нялхаас – 4 нас, 5 наснаас 12 нас, 12 наснаас 17 нас. Үе тус бүрт хийж сурах ажил, эзэмших хэвшил, олгох хүмүүжил гэсэн чиглэлтэй байв. Тухайлбал: 4 – 5 насанд морь унуулж, ишиг хурга эргүүлж, ойр зуурын юм дөхүүлж өгч сургадаг. Эрэгтэй хүүхдийг 5 – 6 насанд нум сум хийж өгч харвуулж сургаад 12 наснаас нь цэгц онолтойг тогтоолгож, 13 наснаас жил бүр цуглуулан шүүлэг авдаг байв.

Монголчууд үр хүүхдээ балчир багаас нь, өөрөөр хэлбэл, хөлд орохоос нь эхлэн гаднаас 1 – 2 ширхэг аргал оруулах, аяга шаазан дөхүүлэх, улмаар 4 – 5 насанд хүрэхээр нь гэр ахуй, мал аж ахуйн ажилд сургах, тухайлбал, таван хушуу малд хайртай, хөдөлмөрч болгон мал сүргийн ашиг шимийг дээдлэн сургахын хамт нутаг усныхаа ахмад хүмүүсийг хүндлэх хэв ёсноос зааж, гэр бүлийн хүмүүжлийг олгодог заншилтай байжээ.

Өөдлөхөд санаж сэтгэх,

Уруудахад унтаж идэх,

Эрт босоход нэгийг харж

Орой унтаж нэгийг сонсдог юм

гэх зэргээр үр хүүхдүүдээ сургадаг байсан нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх, хөдөлмөрч, аж ахуйч болгохоор чиглэгдэж байсан ардын сурган хүмүүжүүлэх мэдлэг, ухааны гол үндэс нь юм.

Монголчууд 4 (5) – 12 насыг <бага нас> гэж үзээд энэ наснаас нь хүүхдэд зүүн гарыг <солгой гар>, баруун гарыг <зөв гар> хэмээн ажил хөдөлмөр хийлгэж сургах, хурга, ишиг, тугал хариулуулах, аргал хомоол түүлгэх зэргээр гэрт гадаах ажил үйлд сургаж 6 – 7 наснаас морь унуулж, адуу мал зүслэн таниулах, улмаар адуу, үхэр, хонь, ямаа хариулдаг болгодог байна. Мөн энэ наснаас бүстэй, бүсгүй хүүхдийн хүмүүжил хийх ажил төрөлд ялгавар гарч, бүстэй хүүхэд эцэг, ах нарын хамт адуу мал хариулах, манах, хурдан морь унах, сойх, нум сум харвах, ан агнах, аян жинд явалцах зэрэгт сурдаг бол бүсгүй хүүхэд эх, эгч нарын дэргэд үйл оёх, хоол унд хийж, цагаан идээ боловсруулах, бэлтгэх, мал саах гэх мэт гэр ахуйн ажилд сурдаг нь үеэс үед уламжлал болон тогтсон байна. Мөн хүүхдээ хүмүүжүүлэн сургаж ирсэн заншил ёс горимд хөвгүүд, охидыг балчир наснаас нь хүн авгайлах, хүндэтгэх, хүний мэнд асуух ёсонд сургах, амьдрал ахуйн уламжлалт, бэл дэлт тоглоом наадам дуу хуур, үлгэр оньсого зааж, өдөр гариг, сар, жилийг 12 амьтнаар нэрлэх, жилийн дөрвөн улирал, дэлхий ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис, нутаг, орны уул, ус, ургамал, баялаг, ан гөрөөс зэргээс таниулан зааж сургах гэрийн сургамж, сурган хүмүүжүүлэх арвин их хэв заншилт ёс горимтой болоод зогсохгүй, бичиг үсэгт сургаж байжээ.

Эх нь охиноо утас зүү бариулж, оёдол үйлд сургахдаа эхлэн <хөвөрдөх> оёо сургаад, хөшөлдүүлэх, шаглах оёдол, оймсны ул, гутлын зулаг оёх ажилд сургадаг байв. Ийм уламжлалтай учир монголчуудын бэр сонгох ёсонд айлын охины оёдол үйлийн чадварыг харгалзан үздэг нь зүй бус ажээ.

Монголчуудын айл өрхийн гэрийн доторхи хүмүүжил маш дэг журамтай байв. Энэ дэг ёс, ёс горим нь хатуу хэрцгий биш, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ их эелдэг сайхан харилцаатай <миний хүү>, <миний охин> хэмээн дуудаж, тэднийг өрх гэрийнхэн, ахмад хүний үгс, сургамжийг сонсч, хүндэлдэг болон нийгмийн хэв журмыг дагадаг үзлээр хүмүүжүүлдэг ажээ. Тиймээс өрх гэрт хүүхдүүдийн дагаж мөрдөх ёс горим, дээр хорио цөөнгүй байжээ.

Гэрт хүн зочлон ирэхэд хүүхдүүд шуугих, гүйлдэх, хүний ярианд оролцох, чагнах эл бүгд хатуу хориотой хэвшжээ.

Хүүхдүүд эцэг эхийн хэлсэн захисан сургамж, заалтыг ёсчлон гүйцэтгэдэг байв. Эцэг, эхийн хувааж өгсөн хоол, ундыг идэж уух бөгөөд бүсгүй, бүстэй хүүхдэд идүүлэх, идүүлэхгүй хоол, ундны цээрлэж ирсэн ёс горим мөн уламжлагдаж байлаа. Жишээлбэл, эцэг эх хонины чанасан толгойг хуваахдаа тагнайг <хавтаг сайхан хуниарай!>, <уран болоорой!> гэж охиндоо өгдөг байхад бүстэй хүүхдэд толгойн баатар хуйх, нойр, түгшүүр идүүлэхгүй цээрлэдэг байжээ.

Хоол унд, бүхэл махан зоогтой холбоотой элдэв бэлэгдэл, цээр хорио нь бүгд монголчуудын эрхлэн ирсэн аж ахуй болох мал аж ахуйтай нягт уялдаатай байна. Тухайлбал, бүстэй хүүхдэд <түгшүүр> идүүлэхгүй заншсан нь унасан морь нь <түгшинэ> (чөдөртөө тээглэж үхэх, осолдох) гэсэн цээрлэсэн утгатай холбоотой аж.

Манай ард түмэн эртнээс нааш хөдөлмөрийг эрхэмлэн үзэж үр хүүхдээ балчир бага наснаас нь эхлэн ажилч хичээнгүй, даруу төлөв, нийгмийн ёс журмыг хүндэтгэн дагадаг сахилга баттай шударга сайн хүн болгохын төлөө сэтгэлээ тавьж <Эрхийг сурахаар бэрхийг сур> гэж аав ээж, ах эгч нараас эхлэн айл аймгийн жирийн хүмүүс хүртэл уйгагүй хэлж сургадаг сайхан заншилтай байжээ.

​ГАЗРЫН СУДАС БАРЬДАГ ЁС

Газар шороо уул, усыг хүний нэгэн адил мэдрэл, цусны судастай гэж монголчууд үздэг байжээ. Хүний судас таславал үхэж болдгийн нэгэн адил газрын судас таславал байгаль үхдэг гэж үздэг байв. Тийм ч учраас хавар мод тайрах, хамаагүй газар ухаж төнхчихийг хамгийн цээртэй зүйлд үздэг байв.

Ерөөгийн эхэнд их намагтай газрыг бартаа туулагч хэд хэдэн машинаар дайран зам гарсны дараа намгийн ус нь алга болж гол ширгэсэн тухай надад нутгийн хүмүүс ярьж билээ.

Одоо бодоход энэ бол газрын судсыг тасалсан хэрэг байжээ.

Улаанбаатарын хажуудах Чингэлтэйн уулын эхэнд нэгэн том мод унагасны дараа ихэнх булаг нь ширгэсэн гэдэг. Энэ нь бас тэр голын амин судсыг тасалсан хэрэг ажээ.

ГАЛ ГОЛОМТ

Монгол хүн гал голомтыг амьдралын үндэс, хамгийн нандин зүйлд үзэж эрхэмлэдэг. Эртний монголын заншлаар хамгийн бага хүү нь гал голомтоо сахиж, эд хөрөнгөө өмчилдөг байлаа. Чингис хааныг нас эцэслэсний дараа түүний гал голомт, эд хөрөнгө, бараг бүх цэрэг, хэвтүүл, манааг ямагт эцгийн хажууд явсан дөрөвдэх хөвүүн Тулуй өвлөн авчээ.

Гэр бүлээрээ тулгаа тойрон сууж, илч гэрэлд нь дулаацаж, хоол ундаа болгож, эцэг эхийнхээ үгийг сонсож, бяр, сэтгэлийн тэнхээ авдаг амьдрал тэтгэгч эх булаг бол гал голомт билээ.

Гал голомт хэмээх нь амь зуулга, орон гэрийн төв, улам цаашлаад дэлхийн төв болно хэмээн монгол хүн үзэж байв. Галыг шүтэх заншил монголд эртний уламжлалтай билээ. Төрсөн эцгийн гал голомтноос жигүүр ургаж, хүч чадалтай болоод зүг бүрт мордож, өөр өөрийн гал голомтыг асаадаг.

Хамгийн отгон нь гэртээ үлдэж гал голомтоо залгамжилна. Отгичин хэмээх Чингис хааны отгон дүүгийн нэр гал голомт сахигч гэсэн утгатай.

Чингис хаан нэг удаа авга ах Даридай Отчигийг урван тэрсэлсний учир цаазаар аваачих гэсэн боловч ойрын шадар Боорч: “Төрөл саднаа хороох гэгч гал голомтоо хөнөөхтэй адил буюу. Эцгийн чинь удмаас энэ авга ах чинь л үлдсэн. Чи түүнийг хороохоор шийдэж зүрхлэх үү” хэмээн сануулахад андын үгийг зөвшөөрч авга ахаа өршөөжээ. Сайхь Даридай Отчигин нь Чингис хааны эцэг Есүхэй баатрын отгон дүү аж.

Шинэ айлын гал голомт үүсгэх сонин заншлыг түүхч И. Цоодол сурвалжлан бичжээ. Үүнд: Гэр бүл болоход хурим эхлэхийн өмнө шинэ айлын гал голомтыг анхлан асаах төрийн ёсны зан үйл хийгддэг. Тухайлбал, хурим эхлэхэд өөрсдийн ах дүүс зүүн талд, анд нөхөд бусад зочид нь баруун талд, гэрлэгсдийн эцэг, эх хойморт суудал эзэлсний дараа хархүү хүүхнээ хөтөлж алгуурхан орж ирнэ. Тэд орж ирээд урьдчилж бэлдсэн олбог, суудал дээр галын эхэнд хархүү, галын аманд хүүхэн сууна. Хархүү эцэгтээ хандан, “Аав аа, галаа хайрла!” гэнэ. Эцэг “Галаар яах нь вэ, хүү минь” гэхэд, хүү “Аавын галаас тасалж, айлын галыг асаая!” гэнэ. Эцэг нь маш баяртайгаар хэтээ хүүдээ өгөхөд хүү нь хэтийг хоёр гардан авч адислаад улмаар хэтийг цахиж гал гарган хөгжөөгөөд хүүхэндээ өгнө. Хүүхэн тэр галыг авч зуух, тулганд урьдчилж бэлтгэсэн аргал, хомоол, хуурай зомголоор асаан бадрааж, тэр дороо тогоо тавьж шинэ айлын анхны цайг бэр чанана.

​ГАЗАР ӨМЧЛӨХ ЁС

Аль дээр цагаас, монголчуудын өвөг Хүннүгийн үеэс газрыг улсын үндэс хэмээн үзэж байв: Хүннү улсын бүх газар нутаг нь Хүннү улсын хаан – шаньюйн мэдэлд харъяалагдаж байлаа.

Хүннүгийн шаньюй сөөм газрын төлөө ч үхэн хатан тэмцэж байжээ. Хятадын Хан улсаас эзэнгүй хэсэгхэн газрыг ч авъяа гэхэд ер зөвшөөрөхгүй, газрыг бусдад өгснөөс толгойгоо өгсөн дээр гэж үзэж байв.

Чингис хааны үед ч, түүний өвөг Хабул хааны үед ч газар нутгийнхаа төлөө л дайтаж байжээ.

Дорно зүгийн орнуудын нэгэн адил Монголын бүх газар нутаг нь улсын өмчинд байсан бөгөөд улсын бүх газрын дээд өмчлөгч нь Чингис хаан байжээ. Тэр үед газар эзэмшил нь гурван зүйл байсан нь: a) Улсын газар буюу мянгатын нутаг, б) Дархалсан нутаг, в) Соёрхлын газар болно.

Мянгатын ноёд бол цэрэг захиргааны нэгж мянгатыг захиран мэдэхийн зэрэгцээгээр харъяат мянганы нутаг бэлчээрийг зонхилон мэдэж байжээ. Мянгатын иргэд уул мянганы нутаг бэлчээрийг хүй нэгдлийн далан заншил, нүүдлийн мал аж ахуйн онцлог зэргээс шалтгаалан нийтээрээ ашиглан эдэлж байжээ. Гэвч мянгатын нутаг бэлчээрийн жинхэнэ өмчлөгч нь мянгатын ноёд байжээ. Харин мянгатын ноёдын тушаал нь анхандаа нэгэн үеийн байсан бөгөөд харъяат мянгатын нутгийг дур зоргоороо өөр бусдад шилжүүлэх зэрэг эрхгүй байжээ.

Дархлан олгосон нутаг гэдэгт бид Чингисээс Сурхан Шира, Хорчи, Илжигдэй зэрэг ноёдод олгосон соёрхол газрыг орлуулж байна. Тийм дархалсан нутгийн эзэд уул газраа үе улиран захирдаг ба тэрхүү газар дээр оршин суугчид нь улсын албан үүргээс хэлтэрсэн, гагцхүү харъяат эзэндээ алба татвар төлдөг байжээ.

Соёрхлын газар бол Монголын хаанаас эхний үед төрөл төрөгсөддөө эзлэн захирсан суурьшмал аж ахуйт орноос энэ тэр муж, хот тариалангийн газрыг алба татвар авч байхаар үүрд өмч болгон олгосон газар бөгөөд жишээлбэл: Шихи хутагт олгосон <байшин гэртэй, балгас хоттой> иргэд бол даруй бидний өгүүлэн буй соёрхол газрын нэг хэлбэр нь юм.