Zanshil

З

​ЗЭМЛЭХ АРГА ЁС
  1. Хүн хүний зан байдалд тохируулан харьцдаг. Жишээ нь: Ууртай буюу ихэд аймхай хүүхэдтэй хүн нам тайван байдлаар ярина.
  2. Олон дахин буюу байнга үглэхийг цээрлэдэг. Иймээс «Олон үгэнд олзгүй» гэдэг мэргэн үг бий.
  3. Хүнийг зүхэх, доромжлох, зодох зэргээх биед нь ер гар хүрдэггүй. Тиймээс ч «Зодохын муу чимхэх» мэт сургааль гарсан байна.
  4. Хүний хажууд хүүхдийг барагтай бол зэмлэдэггүй. Хэрэв тун боломгүй зүйл гарвал нүд харцаараа зэмлэдэг ёстой.
  5. Зарим нөхцөлд хүүхэд алдаа дутагдал гаргавал цөөн хэдэн цаг, нэг , хоёр өдөр дуу гаргадаггүй. Үг асуусан ч хариулдаггүй. Ийм үед хүүхэд ихэд гэмшиж, алдаа дутагдалаа засах тухай бодож, боловсруулж, буруугаа хүлээдэг.
  6. Заримдаа аар саархан дутагдлыг нь хараагүй юм шиг, мэдээгүй юм шигээр өнгөрүүлдэг. Хожим мартсан хойно нь сэргээж зэмлэх ёстой.
  7. Хүүхдийн толгой хавьд гар хүрдэггүй. Дээр үед хүүхдэд хааяа нэг гэр хөнгөн хүрч мэдээ өгөх ёс байжээ. Тэгэхдээ заавал хонго хавиар нь зузаан махтай газар нь хорстол нь нэг хоёр мэдээ өгдөг(алгадаж) байв. Энэ нь хүүхэд насанд нь сайндаа л нэг хоёр удаа тун цөөн тохиолддог байв.
  8. Тухайн алдаа дутагдалтай төстэй үлгэр хэлж зэмлэж сургаж сургамжилдаг.
  9. Заримдаа шууд дутагдалыг нь хэлж, хүлээлгэж зэмлэдэг.
  10. Гэрч татаж дутагдалыг нь өөрөөр нь хэлүүлж зэмлэдэг.
  11. Тухайн дутагдалтай холбогдолтой үг хэлж зэмлэдэг.
  12. Бусдад сайн хүүхэд, хүний жишээгээр дууриалган хүмүүжүүлдэг ёс байв.
  13. Заримдаа хүүхдийн нэг хүсэлтийг биелүүлэхгүйгээр зэмлэх нэг арга байв. Үүнийг элбэг хэрэглэдэггүй.
  14. Хааяа нэг удаа торгуулийн аргаар айлгуулдаг нэг ёс байж. (цай ууя гэхэд өгөхгүйгээр)
  15. Заримдаа хүний дэргэд дутагдлыг нь ёжлон магтаж зэмлдэнэ. Жишээ нь их унтдаг, орой босдог хүүхдийг «Манай хүүхэд их сэргэг» өглөө эрт босоод цайгаа чанаад биднийг дуудна. Ийм ажилсаг хүүхэд дээ гээд нүдээ ирмэх жишээтэй. Сонсож буй хүн нь тийм байхаа нэг л сүрхий ажилсаг хүүхэд шиг харагдаад байсан юм гэх жишээтэй үг хэлдэг. Ингэхэд хүүхэд нэг талаараа ичиж нөгөө талаараа ажилсаг болохоо мартсан хүндээ мэдэгдэх гэж дутагдлаа засдаг байна.
  16. Заримдаа зэмлэлтйг урамшуулах, шагнах аргатай хослуулан явуулдаг. Жишээ нь: Чи өнөөдөр тун их сайн ажил хийлээ. Ажилсаг сайн хүн л болох юм байна. Ганцхан уураа багасгавал улам сайн болно доо гэх мэтээр сэнхрүүлэн хэлдэг байна.
  17. Заримдаа хамгийн хайртай хүнд нь (хайртай ахад нь) хэлж зэмлэдэг ёс байв. Үүнийг олон удаа хэрэглэдэггүй байна.
  18. Сайн сайн хэвшлийг албадан хийлгэж хэвшүүлдэг зэмлэл байв. Жишээ нь хүнд өгөх зүйлийг заавал баруун гараар нь өгүүлж сургах, нам тайван чанга биш ярьж сургах, хийсэн ажлыг нь заавал дуусгах зэрэг болно.
  19. Огт зэмлэлгүйгээр өөрийгөө дагуулан, дууриалган сургаж хүмүүжүүлэх зэмлэл байв.
  20. Хөдөлмөрт сургах, хөдөлмөрийн сайхнаар бахархуулах замаар хүмүүжүүлэх, зэмлэх нэг арга байв.
  21. Өөрөө алдаа дутагдалд нь дургуйцэж байгаа юм шигээр байж, үг дуугүйгээр зэмлэх ёс байв.
  22. Тухайн хүний уурласан буюу уйтгар гунигтай байх үед нь зэмлэдэггүй. Бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх үед нь зэмлэдэггүй, тайван болсны дараа нь зэмлэдэг.
  23. Ямар ч нөхцөлд хүнийг зэмлэхдээ тайван тогтууэ байж, намуун зөөлөн дуугаар, үнэмшилтэйгээр, үнэн баримтаар нотолж, энгийн жирийн үгээр зэмлэн зөвлөөд, зэмлэл зөвлөмжийг хүлээж авсан тухайд нь талархаад, дутагдлаа засах нөхцөл болоцоо байгааг тодорхой баримтаар хэлж, дутагдлаа засах арга замыг нь ойлгуулж, алдаагаа засаж, амжилт гаргахыг хүсдэг. Энэ мэт зэмлэн хүмүүжүүлэх ёс байв.
​ЗОЧЛОХ ЁС

Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл билээ. Энэ нь ах дүүс анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэг нь салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биеэсээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэдэг. Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой.

Цагаалга, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн шинжтэй цайллага, дайллага нь иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхнөө, ах дүү, анд нөхдөө урьж дайлж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг. Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог. Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм. Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм. Будаалгад оролцох хүний байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай. Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье. Үүнд:

ЦАЙЛЛАГАД:

  • Цай (цайны зүйл)
  • Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ)
  • Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг)

БУДААЛГАД:

  • Цай
  • Идээ
  • Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг)
  • Ундаан (жимсний ус, пиво, дарс, айраг зэрэг)

Дайллага нь цайллагатай адил боловч тухайлсан нэг хоёр гэр бүлийг бус тухайн нутаг усныхан, хамт олныг хамарсан өргөн хүрээтэй, хүндэтгэлийн шүүс ууц тавьж, идээ будааг олон төрөл зүйлтэйгээр өргөн бэлтгэдгээрээ ялгаатай юм. Хүндэтгэлийн ширээнд 15-18 ул боовоор 5-6 үе өрсөн их идээ, бүрин их шүүс буюу ууцыг бэлтгэж баруун гар талд идээг зүүн гар талд шүүсийг тавина. Мөн 2-6-8 тавагт ааруул, амталсан цагаан будаа, өрөм бяслаг, үзэм, алим, жимс зэргийг тавиад байнга сэлбэж байна. Ийнхүү зочныг цайлж дайлахдаа эхлээд цайгаа, дараа нь идээ, цагаалгаа, шүүс ба махан хооол, айраг архийг насны эрэмбээр барина. Цайлуулж дайлуулж байгаа хүн хэн ч байсан дээрх дарааллыг хатуу баримтлан, идээ зоогт хүрэх, хүртэх ёстой. Монголчуудын дайлах ёс нь хүнийг хүндэтгэх, хүмүүжүүлэх гүн утга агуулгатай сайхан уламжлал юм.

ДАЙЛЛАГАНД:

  • Цай
  • Идээ
  • Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз, хуушуур)
  • Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилно)