Хамтран зүтгэгчдээ зориулсан үг


Хорин зургаан жилийн тэртээ ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, 70 гаруй жил ноёрхсон нэг намын тогтолцоог өөрчлөх гэж тэмцэж явсан журмын нөхөр, МоАХ-ны анхны партизануудын нэг Галиндэвийн Ганболд маань хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурханы хутгийг оллоо.

Тэрээр Монгол Улсыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олонхийн засаглалтай ардчилсан төртэй улс орон болгохын төлөөнөө амь насаараа дэнчин тавьж 1990 оны гуравдугаар сарын 7-9-нд тэр үеийн Сүхбаатарын талбайд болсон улс төрийн анхны өлсгөлөнд оролцож байлаа. Чухам манай Г.Ганболдын амь нас, эрүүл мэндээ зориулан гар бие оролцсон энэ өлсгөлөнгийн үр дүнд МАХН-ын Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ огцорч, энэ нь Монгол Улсад ардчилал, хүнээ дээдэлдэг олонхийн засаглал тогтохын эхлэл болсон юм.

Тэрээр нийгмийг үндсээр нь өөрчлөн ардчилахын төлөөнөө ганцхан өлсгөлөнд оролцоод зогссонгүй, шинэ тутам Монголын Ардчилсан холбоог бэхжүүлэх, олон нийтэд энэ байгууллагын үүрэг зорилтыг ойлгуулан эгнээгээ өргөтгөх ажилд ч гар бие оролцож, ханцуй шамлан зүтгэж явсан манай анхны хамгийн идэвхтэй партизануудын нэг байлаа.

Г.Ганболд ердөө л энэ өлсгөлөнгийн дараанаас хамтран зүтгэгч С.Нинжийн хамт Дархан хотод томилолтоор ажиллаж, МоАХ-ны анхны салбар байгуулах, гишүүд элсүүлэх ажилд чин сэтгэлээсээ зүтгэж явсан юм.

Монгол оронд ардчилсан нийгэм тогтоохын төлөө хийж бүтээсэн Г.Ганболдын зүтгэл бүтээлийг Монголын ардчилсан төр үнэлж "Алтан гадас" одон, "Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнасан бол, МоАХ өөрийн дээд шагнал "Тусгаар тогтнолын одон" зүүж өгсөн юм.

Журмын нөхөр Г.Ганболд маань амьд сэрүүн байсан бол энэ зуны цэцэг ногоо дэлгэрсэн долдугаар сарын 24-нд 58 нас хүрэх байлаа.

Улс гэрээ ардчилсан төртэй болгож, дэлхий дахины хөгжлийн нийтлэг зам голдиролд оруулахын төлөө сэтгэл зүрхээ зориулан, эрүүл мэндээ золин байж тэмцсэн тэр чин сэтгэл нь өнгөрсөн 26 жилд яг л хэвээрээ байж, нэгэн үеийнхээ партизануудын дунд хамтдаа инээж, хамтдаа бухимдаж, нэгэн үзүүрт сэтгэлээр хамт зүтгэж явсан журмын нөхөр минь амар амгалангийн орноо тайван нойрс доо.

Ардчиллын ордны үүднээ нөхөд тань цугларах бүрий орон зай чинь онгойж чи минь үгүйлэгдэх ч сэтгэл зүрхээрээ, гэгээн төрхөөрөө нөхдийнхөө сэтгэл зүрхэнд үүрд хамт байх болно.

Ум сайн амгалан болтугай.