Эмгэнэлийн үг


Эмгэнэлийн үгийг бурхан болоочийн үр хүүхдүүдийн аль нэг нь, эсвэл ах дүү, садан төрөл, анд нөхөр нь хэлнэ. Гурав хүртэл хүн хэлж болох бөгөөд гүн эмгэнэл харуусал илэрхийлсэн, намтар, ажил хөдөлмөрийн замнал, хийж бүтээсэн үйлсийг нь тодорхой дурдсан, онцгой зан чанарыг тодотгосон, чин сэтгэлийн үгээр бичигдэнэ.

Ингэхдээ гэр бүл, үр хүүхэд нь гүн эмгэнэл харууслаа голлон илэрхийлдэг бол садан төрөл, анд нөхөд нь бурхан болоочийн сайн зан чанарыг товойлгон харуулах үйл явдал, болсон учралыг дурдан хэлэх нь зохимжтой бөгөөд дор дурдсан үндсэн бүтэцтэй байна.

  • Эмгэнэлийн хэсэгт бурхан болоочийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл садан, анд нөхдийн эмгэнэл харамслыг илэрхийлнэ.
  • Намтарын хэсэгт хаана, хэдэн онд, хэний гэр бүлд төрснийг дурдана.
  • Хаана, хэдэн онд, сургууль төгсөн ямар мэргэжил эзэмшин ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тухай оруулна.
  • Бурхан болоочийн ажил хөдөлмөрийн замналыг тодорхой оруулна.
  • Бурхан болоочийн хийж бүтээсэн томоохон үйл хэрэг, алдар цол, гавъяа шагнал, бүтээл туурвилыг оруулна.
  • Бусдад үлгэр дуурайл болох сайн зан чанарыг тодотгон хэлнэ. Хэрэв эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил хөдөлмөртөө эзэн болж, он удаан жил ажилласнаараа, эсвэл бусдын төлөө бүтээсэн сайн үйл хэргээрээ хамт олон, хүн зоныхоо дунд “Алтан гарт“, “Номч мэргэн“, “Ачлалт эх” зэргээр нэрлэгдэн хүндлүүлж байсан бол түүнийг зориуд дурдах нь зохистой болой.
  • Бурхан болоочийн амьдрал, зан чанар, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, сайн үйлсээр гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл садан, анд нөхөд нь бахархаж байгаагаа илэрхийлнэ.
  • Эх болсон дэлхий, Энхрий монгол нутагтаа, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөхийг хүсэмжилсэн сэтгэлийн үгээр төгсгөнө.

--- ооо О ооо ---