БАГШ ШАВИЙН БАРИЛДАЛГААНЫ ЁС
Эрдэмт багшаас номын увдисыг сурдаг, багш нь ч шавиа энэрэн хайрлаж, эцгийн оронд эцэг, эхийн оронд эх болдог гэдэг. Багш шавийн барилдалгааны ёсыг өгүүлсэн төвд монгол хэлээр бичсэн олон бүтээл бий.
Лам багшид шавь орохдоо зул, хүж, хадаг барьдаг ажээ. Зул барьж очдогийн учир нь мунхаг харанхуйгийнхаа туйлыг лам багшаар гэрэлтүүлж явах гэсний бэлэгдэл. Хүж барьж очдог нь лам багшаас ариун тансаг үнэр үнэртэж байна гэснийх. Хадаг барьдаг энх амгалангийн байхын ёс.
Шавь нь багшийнхаа дэргэд ч нарийн дэг ёсыг сахидаг номтой. Лам багшийнхаа хэлснийг эрдмийн хур буулгаж байна гэж биширч, үгийг нь дагадаг ёстой. Өндөр дээд суудалд суух учиргүй. Номоо хичээнгүйлэн үзэж бясалгах ёстой. Бурхны ном үзэж байгаа хүмүүн ариун нинжин сэтгэлтэй байдаг учиртай. Хулгана, шоргоолж, гүйлдэж байхад сахил хүртсэн хүнд алах гэдэг санаа төрөх ёсгүй.
Багш нь шавийгаа хайрлан хамгаалдаг юм. Багш лам шавийгаа санаандгүй нүгэл хийгээд тамын оронд орчихсон байхад өөрөө шатан байж гаргаж авдаг ёстой.
Шавь нь лам багшийнхаа нэрийг хэлэхээс цээрлэдэг. Анх шавь орохдоо эхлээд лам багшдаа, дараа нь бурханд нь гурав гурван удаа мөргөдөг заншилтай.
Монголчууд эрт дээр цагаас номын багшаа <Гучин цагаан үсэг заасан ачтан хэмээн дээдэлсээр иржээ.> Ерөөс багш хүнийг хэн хэмээвээс нэгээхэн үсэгний ацаг заасан ч түүнээ номын буян хүртээсэн ачтан хэмээн дээдэлдэг авай.