×

​БЭРЛЭХ ЁС

Published: 5 жил, 9 сар өмнө

Бэрлэх ёс бол эмэгтэйчүүд (бэрээд) хүндтэй хүмүүст буюу хадмууддаа хичээнгүйлэн, найрдсаг үйлчлэх заншил юм. Ийм заншил монгол туургатанд нийтлэг. Монголч эрдэмтэн Пентти Аалтогийн нотолсноор, халимаг бүсгүйчүүд ахмад хүний нэр, ялангуяа нөхрийнхөө садан төрөл эмэгтэйчүүдийн нэрийг цээрлэдэг байна. Ингэж цээрлэж хэлэлцэхийг халимагаар бэрлхэ буюу бэрлэх, бэрмсэх гэдэг.

Сайн бэр:

Өрхөөр гийсэн нар мэт

Үүдээр орсон сар мэт

Өөрөө ургасан жимст мэт

Бал чихэр овоолсон мэт.

Муу бэр:

Ад тотгор нэмэх

Эд мал барагдах

Унгас

Унгас ноос хийсч

Тэмээ туйлсан мэт гэж цэцэн үгэнд дурдсан нь хар цагаан хоёр зураглал буюу бахархмаар эерэг дүрслэл, жигшмээр сөрөг зүйрлэл юм.

Цэцэн бэрийн тухай олон хувилбартай үлгэр монгол угсаатны дунд түгээмэл тархсаныг нийтээрээ мэднэ. Үлгэрт гардгаар цэцэн бэр бол ёгт далд утгыг сэтгэж тайлдаг, ёролсон муу үйлийг сэрэмжлэн зайлуулдаг, нөхрийнхөө болон хадмынхаа саар талыг эерүүгээр мэдрүүлж, сайн явдлыг урамшуулан дэмждэг, сэтгэлийн тэнгэр, ухааны наран билээ. Сайн бүхний эх саруул ухаан гэдэг. Цэцэн бэрийн эрдэм өрх гэртээ төдийгүй өнөр түмэн, төр улсдаа түшиг тулгуур болдгийг үлгэрт мөнхжүүлж, түүхэнд үлдээсэн бий.

Хүнийг овог нэр, худ ургийн холбогдолтой үгийг эцэг эхчүүд өөрсдөө эерүүлэн дуудаж, охиндоо учрыг тайлж өгдөг журамтай. Өөрөөр хэлбэл, цээрлэх ёс, эерүүллийн уламжлалыг охид эцэг эхийн үлгэрлэх ярианаас сурч, арга учрыг зөнгөөрөө мэдэрдэг байжээ. Тухайлбал, цагааныг – гялаан, гаансыг – шившүүр, цус гоожихыг өнгө ялгарах буюу, шунхлах, чоныг – хээрийн нохой, мөлхөө Лувсан, мануухайг – Өлзийхүү, айгуул, унтахыг нойрсох, сэрж босохыг – өөдлөх, худал хэлэхийг андуурах, нүд сохорохыг – нүд булингартах буюу хиртэх, хонийг – малмай гэхчилэн эерүүлэл, хүндэтгэлийн үгийг охид төрсөн гэртээ сурсан учраас тэдгээрийг хадмын өргөөнд хээвнэг хэлж, нүүр улайдаггүй байв.

Энэ нь амьд яриа, аман зохиолыг ашиглан охидод ёсыг мэдүүлж, гэдний хэлийг зүгшрүүлж, ухааны цоморлигийг нээгдүүлэх монгол гэрийн өвөрмөц сургууль юм.

Хүүхэн хүн хадамд гарсан өдрөө хамгийн сайн сайхан байх гэж мэрийдэг. Ерөөлийн эзэн бүсгүй бэрхлэх ёсыг чанд сахихаа нийтийн өмнө андгайлдаг байжээ.

<Ерөөл бат оршиг, ёсоор болтугай. Монголын за андгаар буй за> хэмээн молцогхон зүрхэндээ бэр шивнэдэг.

Хадмууд бэрдээ оньсогот үлгэр таалгаж эрдэм ухааныг нь шалгадаг соньхон арга агсныг дурдахад илүүдэх юун. Үүний нэг жишээг сонирхуулъя. <Урьд нэгэн далны яс яйжийгаад хэвтэж байдаг юм байжээ. Далны ясан дээр далан цэрэг буудаллаж гэнэ. Тэр далны ясыг нэг бүргэд зууж яваад, ухнын эвэр дээр сууж идэх гэтэл алдчихжээ. Ухнын сахал дотор хоргодож суусан өвгөний нүдэнд өнөөх дал орчихсон гэнэ. Түүнийг эмгэн хэлээрээ долоож аваад хаячихжээ. Эдгээрийн аль нь их вэ?

Хариу нь: Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого, бүргэд их гэвэл бүдүүлэг хүний санаа, өвгөн их гэвэл урт бодлоготны шинж, эмгэн их гэвэл богино бодлоготны илрэл, ухна их гэвэл цэцэн хүний санаа, далан цэрэг их гэвэл олон санаатны бодлого гэдэг.>

Ухааны цэц сорьсон иймэрхүү оньсогот үлгэрийн хариуг нэг бүрчлэн хэлж цээжлүүлэхдээ биш, утгыг ухааруулж, учрыг тайлбарлуулахыг чухалчилдаг нь сорих, сургах аргын хослол юм.

Биед хүрсэн охиндоо эцэг эх нь бэрлэх ёсыг зааж сургадаг, зөвлөж ойлгуулдаг уламжлал хөдөө нутгийнхний дунд хадгалагдсаар иржээ.

Бусад мэдээ