×

БӨӨ МӨРГӨЛИЙГ ШҮТЭХ ЁС

Published: 5 жил, 5 сар өмнө

Хүннүгийн үед бөөгийн мөргөл дэлгэр байжээ. Хүннү улсын бөөгийн мөргөл нь монголын бөөгийн мөргөлтэй нягт холбоотой. Учир нь Хүннүгийн ихэнх нь монгол угсаатан байсан тухай баталгаа олон бий.

Хүннү улсын дараагаар монголын эх газраар нутаглаж байсан Сяньби Жуань-жу-ань нар мөн бөөгийн мөргөлтэй байжээ. <Сяньбигийн Тай зу, хаан 40 гаруй газар тахилга явуулж, маш олон удганыг цуглуулж бөөлүүлж байсан. Мөн Жуаньцжуаний хаант улс олон удгантай байсан ба манай эриний 508 оны үед жуань жуаний хаан Күэй-ну – удганыг маш ихээр шүтэж бөөлүүлж байсан> гэж хятадын түүх судрыг үндэслэж, японы эрдэмтэн Хата бичжээ.

Кидан аймаг нь маш олон удган бөөтэй байсан. Баяр ёслолын үед удган бөө нарыг цуглуулж, дайн дажны үед тэд нараар төлөг бариулдаг байсан гэх мэтээр хятадын олон төрлийн түүхийн, Киданы тухай бүлгүүдэд бичсэн байдаг.

Уйгарын хаант улс нь манай эриний 8,9 дүгээр зууны үед монголын нутаг дээр цэцэглэн мандаж байсан эртний улс бөгөөд мөн бөөгийн мөргөлтэй байжээ. <Уйгар, Турк зэрэг үндэстэн нь үхсэн хүнийг хээр ил хаяж орхих ёсонгүй тул бөө хүнээр сайн газрыг шинжлүүлэн, үхсэн хүнээ хүн суудаг газраас хол аваачиж, ор засч оршуулаад, дээр нь чулуу овоолж бөөгөөр уншлага уншуулдаг байсан> гэж Финляндын монголч эрдэмтэн Рамстедт <Уйгарын хураангуй түүх> гэдэг номондоо бичжээ. Мөн дээр үеийн <Уйгар, Турк, Монгол цөмөөр эрт цагт тал хэнгэрэгтэй бөө хүнд шүтэгч улсууд байсан> гэж тэр эрдэмтэн бичжээ.

Нууц товчооны 10 дугаар бүлгийн 121 дүгээр зүйлд, Хонхотны Мэнлиг эцгийн хүү Хөхөч бөөгийн тухай гарна. Хөхөч тэр үеийн том зайран бөө байсан ба түүний цол нь тэв тэнгэр (тэнгэрийн хувилгаан) гэнэ. Хөхөч, би бол тэнгэртэй үргэлж харьцаатай байдаг. Морь унаад тэнгэр хаанд үргэлж очиж байдаг гэх мэтээр биеэ өргөмжлөн магтаж Чингис хаан ба монгол хүмүүсийн итгэл найдварыг түр зуур их татжээ.

1206 онд хуралдсан их хуралдай дээр Хөхөчийн саналаар Тэмүүжинд, <Чингис Хаан> гэдэг цол өргөмжилсөн гэдэг. Гэвч Хөхөч нь Чингис хаан болон, олон түмэнд хэтэрхий их итгэгдсэндээ эрдэж улмаар төрийн эрхийг булаахаар бөөгийн мөргөлийн хуурамч зальт аргыг хэрэглэж өдүүлээд, сүүлдээ хэргийн учир цаазаар авахуулжээ.

Нууц товчооны 12 дугаар бүлгийн 372 дугаар зүйлээс 12 дугаар зууны үеийн монголын бөөгийн мөргөл нь маш их өргөмжлөгдсөнийг улам тодорхой харж болно.

Өгөөдэй хаан өвчлөх үед олон бөө удган нар ирж бөөлөөд, мэргэлсэн ёсоор Чингисийн отгон хүү Толой, хаан ахын амь насны төлөө амиа өгсөн тухай тодорхой материал байдаг.

Чингис хаан, өөрөө бөөгийн мөргөлийг хамгийн их шүтдэг хүн байлаа. Чингис хаан улс төр, цэргийн талаар их эрх олж монголыг нэгтгэн, монголын их хаан болсон явдал бол бөөгийн мөргөлийг ашиглаж биедээ татсантай нягт холбоотой.

Чингис хаан дайн хийхийн өмнө заавал өндөр уулан дээр гарч (тухайлбал бурхан халдун) бүсээ хүзүүндээ өлгөж залбирдаг байсан. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан нь нууц товчооноос тодорхой харагддаг. Энэ бүхнээс үзэхэд нууц товчоо нь тэр үеийн монголын бөөгийн мөргөлийн талаар бага бус материал бидэнд үлдээж өгчээ.

Бусад мэдээ