×

БӨӨ УДГАН НАРЫН БӨӨЛӨХ ЁС, ДЭГЛЭМ

Published: 5 жил, 9 сар өмнө

Бөө удган нар бөөлөхдөө тусгай бэлтгэсэн бөө хувцсаа өмсөнө. Монгол бөөгийн хувцасны хэлбэр ерөнхийдөө адил боловч, ядуу хоосны ялгавраас болж хувцасных нь байдал бас харилцан адилгүй байдаг.

Монгол бөөгийн хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа хувцасны онцлогийг дууриаж, түүнд зохилдсон байдгаас, хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал баруун монголын бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад, хормой хүртэл урт эрээн даавуунууд унжуулан зүүсэн, нилээд сүртэй байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нилээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой байдаг. Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай.

Бөө, удган нар бөөлөхдөө, янз бүрийн бүс даавуугаар эрээлж оёсон урт дээл өмсөнө. Дээлийн захаар бүс даавуугаар хайчлан хийсэн могой зэрэг элдэв амьтны дүрсийг хадна. Үүнийг <далавч> гэнэ. Бүргэдийн савар буюу бугын эврийн дүрсийг цутган отго болгон суулгасан төмөр буюу оргой гэдэг малгай өмсөнө. Малгайн ар талд 6 буюу 9 салаа өнгийн даавуу унжсан байх бөгөөд үүнийгээ майхууч буюу майхавч гэдэг. Зарим нь 9 үетэй төмөр гинж малгайныхаа араас зүүсэн байдаг. Урд талдаа, дээр нь 3 – 3-аар зэрэгцүүлсэн төмөр цагираг хадсан арьсан буюу даавуун хаалт зүүх ба үүнийгээ элгэвч гэнэ. Бүсэндээ 9 ширхэг хүрэл толь зүүнэ. Харин шавь бөө бол 8 ширхэгийг зүүнэ. Учир нь жинхэнэ бөө, удган гэдэг эрх олоогүй цагт 9 ширхэг толь зүүх ёсгүй ажээ. Хүрэл толь дээр 12 жил, лууны дүрснүүд хийсэн байдаг. Энэ голдуу хуучирсан байдаг. Энэ нь бөө, удганы хамгийн эрхэмлэн олон үе дамжин хадгалж ирсэн зүйл юм. Хүрэл толио бүсэлхийдээ зүүдэг нь нэг талаар хүндэтгэж байгаа нөгөө талаар хоорондоо хавирч сүртэй дуу чимээ гарахад зориулжээ. Манж ба сибирийн бөө нар голдуу бүсэлхийдээ хонх зүүдэг. Харин монгол бөө, удган нар голдуу толь зүүнэ. Гартаа <сорви> гэдэг нарийн мод барьсан байхаас гадна, даавууны нарийн өөдөс зүүсэн, төмөр цагирагтай мод барьсан байх бөгөөд үүнийгээ ташуур гэнэ. Гартаа тал хэнгэрэг барьдаг. Үүнийг <гэц> буюу <хэс> гэж нэрлэдэг. Багш бөө, удганы гэц бол цагаан өнгөтэй байх ба шавь бөөгийн гэц улаан өнгөтэй байна. Учир нь бөөгийн ёсонд цагаан өнгө бол хамгийн эрхэм өнгө мөн. Бөө нар бөөлөхдөө юуны урьд нэг онгоны дүр хийж тавьдаг. Онгоны дүрийг мөнгө буюу төмрөөр хийдэг. Дээр үед зарим монгол айл нүүхдээ хэдэн тэрэг онгоны дүрс ачдаг байжээ. Энэ бол сонирхолтой хэрэг юм. Яагаад тэр вэ гэвэл, монгол айл бөө, удган залж бөөлүүлэхдээ, заавал нэг онгоны дүр хийдэг. Хийсэн онгоны дүрүүдийг хаях ёсгүй, аятайхан хадгалан тахиж явах ёстой ажээ. Иймээс нэг айл удам угсаагаараа хичнээн удган бөө, удган залсан байн, төдий их онгоны дүр байдаг.

Бөөгийн мөргөлийн онгон бол хамгийн их учиртай. Бөө, удган болгон нэг онгоны дүрс гэртээ хийж тавиад тахиж байдгаас гадна, бөөлөх газартаа бөөлөхийн өмнө заавал онгоны дүрс хийж тавина. Бөөгийн сургаалд, онгон бол ямарваа нэг аюулаас авран хамгаалж чадах сахиус мөн гэж үздэг.

Бусад мэдээ