×

​МОНГОЛ ЦАГ ТООЛОЛ

Published: 5 жил, 9 сар өмнө

Монголчууд хүйлэн хөх огторгуйг шүтэгч наран сарны явдлаар хэмжээлэн дэлхийн орчлын хугацааг тооцоолон, цаг улирлын бичгийг зохион ажин төрөлдөө хэрэглэсээр иржээ. Үүний зэрэгцээгээр ан амьтны үржих төлжих, үс зүс нь гүйцэж авлаж гөрөөлөх үеийг харгадзан мөчлөг болгодог өнө эртний заншил нь бас хадгалагдсаар явжээ. Түүний нэгэн жишээ нь эртний монголын аж ахуйн хуанли болно. Монголчуудын өвөг дээдэс жилийн эхийг онгон шүтээнээ тахин ангийн олзоо хуваан хувь түгээлэг сарын нэрээр «хувь сар» гэж нэрлэн, дараа дараагийн сард өвөрмөц нэр өгч байжээ. Хэдий тийм боловч дорно дахинд өргөн дэлгэрсэн арван хоёр сарын нэрийг бас эртнээс хэрэглэж байсан байна. Эртний Хүннү нар «намар адуу таргалах цагаар их хуралдай хурж хүн малаа тоолж» шинэлдэг байсан бөгөөд могой, нохой өдрийг нэн эрхэмлэдэг байсан гэдэг. Хүннүгийн энэ заншил нь хожим хожимдоо уламжлагджээ. Алайр буриадын зангшлаар «Мичид тэнгэрийн хаяанд үзэгдсэн цагт шинэ жилийн баяр хийдэг» байсан ба халимаг Ордост бас өвлийн эхэн бусад зул сараар шинэ жилийг ёсолдог заншил хадгалагдсан ажээ. Хуучны монгол цаглабарын сарын нэр нь дараах болно.Үүнд : хувь сар , хожир сар, өвөөлжин сар, хөнөө сар , улар сар, сүүн сар, гур сар, буга сар, хуцан сар, шилэм сар, идээлэг сар, хөхөөл сар болно.

Монгол овогтнууд цаг тоолохдоо өвөл, намар , зуны зааг, хаврын эхэн сар зэрэг 3 янзын хуанлийг бий болгон хэрэглэж байсан гэж болно. Үүнээс өвлийн зул сарын баяр нь үлэмж эртний анчин гөрөөчин үеийн заншил бөгөөд зун намрын заагт ёслох ёслогоо нь цагаан идээ дэлгэрдэг цагийг эрхэмлэсэн явдал болно.иймээс тэр үеийг «Сүүн сар» гэж нэрлэж байсан байна. Сүүн сарын тухай мэдлэг нь буриадад хадгалагдан үлджээ.Сүүн сар тохиолдох цаг нь аргын улиралын долоо, наймдугаар сар болох ба халхчуудын дунд өргөн хэлэлцдэг «арван сарын аагим» халуун үетэй таарч байгаа юм.

Ийнхүү сүүн сар гэдэг нь малын шим дэлгэрсэн цагийн бэлгэдэл бөгөөд энэ нь явсаар хаврын эхэн сарын баяр цагаан сар болсон байна.

Сарны улиралын цаг тоолол нь олон мянганы тэртээгээс Вавилон, Хятад, Япон , Солонгос, Вьетнам, Төвд монгол зэрэг Азийн олон газар дэлгэрсний дээрхавар шинэлэх ёс монголд ХIII зууны үеэс нийтлэг болжээ.

Бусад мэдээ