×

​НАС БАРСАНХҮҮХДИЙГ ОРШУУЛАХ

Published: 5 жил, 9 сар өмнө

Энэ зан үйл нилээд онцлог юм. Дээр үед нялх хүүхэд нас бархад нэг бол уутанд хийж «гээдэг» эсвэл өлгийтэй нь «хээр тавьдаг» байжээ. Хүүхэд тогтдоггүй айлд оршуулах ёсыг хатуу дагадаг байсан ажээ. Лам хуврагаас оршуулах газар, явах очих чиглэлийг асуудаг байсан гэнэ. Нас барсан нялх хүүхдийнхээ цээж, нуруу, баруун гуя, зүүн булчинд улаан, хөх, цагаан бэхээр тэмдэг тавьж «эргэж төрөхийг» бэлэгддэг.

Өлгийтэй нь «хээр тавихдаа» өлгийний нь задлас хийгээд тавьдаг ажээ. Уутанд хийж гээх ёс гүйцэтгэхэд цэнхэр, цагаан даавуугаар уут оёж, түүн дээр хүүхдийн цогцостой хамт чанасан мах (хонтой шаант оролцоно), тоглоом болгож шагай дагуулж хийдэг. Тэгээд аав, ах авга ах, нагац ах буюу ямар нэги эрэгтэй хүн авч явж, олон замын уулзвар газар хадаг тавиад орхидог байжээ. Ингэж гээхдээ уутны амыг задгай орхино. «Гээсэн» хүн мориныхоо цулбуурыг унжуулаад оршуулсан хүүхдээ нар зөв нэг удаа тойроод мориныхоо цулбуурыг унжуулан хар алхаагаар буцна. Цулбуур унжуулдаг нь хүүхдээ эргүүлж авчрах бэлэгдэл ажээ. Хүүхэд цулбуураас бариад гэртээ гүйж ирнэ гэсэн санаа юм. Урьд нялх хүүхэд оршуулахад уй гашуу тайлах ёслол байгаагүй гэнэ.

Бусад мэдээ