НҮҮДЭЛЛЭХ ЁС
Монголчууд нь эрт дээр цагаас нүүдэллэж амьдардаг улс билээ. Одоо малчид жилийн дөрвөн улиралыг дагаж нутаг сэлгэн нүүдэг. Нүүхэл нарийн ёс горим бий. Нүүх өдөр, буух газраа, өмнөөс товлож, цэлмэг сайхан өдөр нүүнэ. Хаана буухыг өрхийн тэргүүлэгч мэднэ. Нүүхийн өмнөх өдөр орчин тойрныхоо хогийг сайтар цэвэрлээд нүүдэлд зэхнэ. Гүүн зэл, шон гадсаа сугалж, нүхэнд нь өтөг бууц, сул шороо хийдэг. Ачаа хөтлөх морины дэлийг засдаг. Гэрийн эзэн гоёлын хувцасаа өмсөөд, бүрэн хэрэглэлтэй эмээлээ тохож ачааг хөтөлдөг заншилтай байв. Ачааны дэс дараалал нь хүүхэд ачсан тэмээ, эд хогшил ачсан тэмээ, цагаан идээ ачсан тэмээ гэх мэи нарийн байжээ. Нүүх өглөөгөө гэргий нь эртлэн босож цайгаа чанаж, үнээ малаа саагаад өлзийгөө өгсөн нутаг хэмээн орон хангайд дээж өргөж дараа нь цайлцгаагаад нүүнэ. Шинэ бууриндаа Нарнаар очсон байхыг эрхэмлэнэ.
Гэрийн бусад хүн адуу, хонь , ямаагаа хуваарилж аваад тууна. Нүүдлийн цуваа нь холоос бараа сүртэй харагдана. Хэрвээ нүүдлийн бараа харвал гэрийн эзэн айлын нүүдэл гараад ирлээ байгаа чана гэж эзэгтэйд хэлдэг. Ахар богино хугацаанд цай чанана. Таних, танихгүй хамаагүй нүүдлийн хүмүүст зам тосон очиж, домботой цай, таваг идээ барьж, ширдэг дэвсэж цайлдаг заншилтай байв. Нөгөө айлын хаана буухыг асуугаад очиж тусалдаг.
Монголчууд гэрээ буулгахдаа нар зөв эргүүлж буулгана. Гэр барихдаа мөн нар зөв тойруулан ханаа дугуйлж туургаа ороон хошлонгоо татна. Бууриа сонгохдоо төвгөр газрыг сонгож тооно хаалганы голыг эгц буюу ялимгүй баруун тийш татаж барина. Гэрийн үүд тоононы харааг ямагт уулын оройг чиглүүлж барина. Харин хөтөл, хотгор чиглүүлхээс цээрэлдэг юм. Тооныг хамгийн сүүлд ачина.Ачаалж дуустал тооныг гэртйн бууринаас гадагш гаргах ёсгүй. Ачаалж байх үед гэрийн буурь дээгүүр ачаатай, ачаагүй (тэмээ, үхэр, морь) мал гаргадаггүй. Учир нь «ачаа хазайна», «ачаа туйлна» гэж цээрлэдэг. Ачааг айлийн гэргий нь хөтлөх бөгөөд гэрийн буурийг нар зөв тойрч зам шулууддаг. Харин гэрийн эзэн хамгийн сүүлд ачааг дагаж морьдоно. Ачааны өмнө адуугаа бусад малаа ачааны араас тууж нүүдэг заншилтай.
Нүүдлийн замд тохиолдох айл нүүдэлчдийг хүндэтгэж цай идээгээр угтдаг ёстой. Нүүдэлчдийг угтаж байгаа айл нь заавал шинэ цай чанаж өгнө. Хуучин цай халааж өгвөл шинэ буурин удаан суухгүйн ёр гэж цээрлэдэг. Нүүдлийн цай ирэхэд нүүдэлчид заавал сууж цай ууж хүндэтгэнэ. Зарим тохиолдолд хүмүүс ачааны баруун талаар зөрж гарах бөгөөд тэр талын хөлийг дөрөөнөөс мултална. Ингээд аль ахмад хүнээс нь эхлэн амар мэндийг нь солилцоно. Дөрөө мултлах нь нь бууж хүндэтгэсэнтэй ялгаагүй гэж үздэг. Шинэ бууринд гэрийн эзэн түрүүлэн ирж, ачаа хөсгийг тосон авч, гэрийн эзэн унаж ирсэн морины эмээлийг буурийн зүүн талд авч дотогш тавина. Шавь тавьсан газраа бууна. Буух газраа бамбай дэвсэж хүмүүс цайгаа ууж, Хангай дэлхийдээ идээ цагаа өргөнө, хаана хэнийх гэрээ барихыг хөгшчүүл зааж өгнө.
Хамгийн эхлээд галын уурт тулгаа байрлуулдаг заншилтай бөгөөд хуучин нутаг буурин дээр буухыг цээрлэдэг. Монголчууд гал голомтоо их эрхэмлэдэг бөгөөд тулгын чулууны үүдэн талын чулуугаар явах замаа дахиж гаргадаг. Хэрэв харь хол нүүвэл тулгын чулууны нэгийг авч нүүдэг байна. Хэрэв замд овоо тааралдвал чулуу идээ тавьж өнгөрнө. Бас морь малынхаа үс хялгаснаас авч өргөдөг. Шинэ бууринд буугаад идээ цайныхаа дээжийг орон хангайд нь өргөдөг ёстой юм. Хүмүүс ингэж нутаг сэлгэн нүүж малаа таргалуулж байжээ. Үүнээс үүдэн «Баярлан бууж, баяжин нүүнэ» гэсэн ардын цэцэн үн гарчээ. Нүүдлийн хөсгийг гэрийн эзэнтэй хөтөлж, гэрийн эзэн нь нүүдлийн хойноос хонь малаа том хүүхдүүдтэйгээ тууж, ачаагаа харж, хазайхад нь засаж, нүүдлийн замд ан амьтан тааралдвал сайн гэж бэлэгшээж байлаа.