×

Н.Түвшинбаяр: Чандарлан оршоох зан үйл нь буяны үйлчилгээний хамгийн хямд төдийгүй байгаль экологид ээлтэй хэлбэр юм

Published: 3 жил, 7 сар өмнө

Монгол Улсын хүн амын бараг тал орчим хувь нь амьдардаг нийслэл хотод оршуулгын газрын хүрэлцээ яах аргагүй тулгамдсан асуудал болоод удаж буй.

Улаанбаатар хотод жилд дунджаар 7,000 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа бий ч ямар зан үйлээр хэрхэн оршуулсан нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд буяны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 15 компани бүртгэлтэй.

Тэдгээрээс "Улаанбаатар буян" компанийг онцолж, тус компанийн үйлчилгээ хариуцсан менежер Н.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.

Танай байгууллагаар жилд хэчнээн хүн хандаж буяны үйлчилгээ авдаг вэ?

- Улаанбаатар хотод жилд 6,500-7,500 нас баралт бүртгэгддэг. Харин “Улаанбаатар буян” компанид хандан чандарлах үйлчилгээ авсан тоо нь Улаанбаатар хотын нийт нас барагсдын 20 гаруй хувийг эзэлдэг.

Манай компани нийслэлийн баруун болон зүүн зүгт чандарлан оршуулах үйлчилгээг үзүүлж байна.

-Танай компанийг зөвхөн чандарлах үйлчилгээ үзүүлдэг гэж ойлголоо. Бусад төрлийн зан үйлээр бурхан болоочийг нутаглуулдаг уу. Хэрвээ үгүй бол яагаад зөвхөн энэ чиглэлийн үйлчилгээг үзүүлж байна вэ?

-Чандарлан оршоох зан үйл бол бурхан болоочийг нутагшуулах 21 дүгээр зууны хамгийн тохиромжтой хэлбэр учраас манай байгууллага зөвхөн энэ үйлчилгээг үзүүлдэг.

Ердөө ганцхан жишээ авч үзэхэд, Улаанбаатар хотод өнөөдөр 1.4 сая гаруй хүн багшралдаж амьдарч байгаа бол хотыг тойрсон 20 гаруй далд оршуулгын газар зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хэлбэрээр оршин байгаа юм.

Тэдгээр оршуулгын газрууд нийтдээ 1,000 гаруй га газрыг эзэлдэг гэж тооцоо бий. Магадгүй хот өнөөдөр тэлж чадахгүй байгаа нь хотыг тойрсон тэр их оршуулгын газартай холбоотой байж болох юм.

Хот тэлье гэхээр оршуулгын газруудтайгаа зэрэгцэх нь холгүй байгаа нь нууц биш.

Тухайлбал, өнөөдөр Нарангийн энгэр, Далан давхарын оршуулгын газар зах хязгаар нь харагдахгүй маш том газрыг эзэлдэг. Даландавхарын оршуулгын газар гэхэд л Чингэлтэй дүүргийн хэд хэдэн хороог дамнан байрлаж буй. Гэвч түүнээс холгүйхэн иргэд амьдарч, хүүхэд өсөж байна.

Монголчууд бид нүүдэлчний соёлоос суурьшмал иргэншилд нэгэнт шилжсэн. Хэдийгээр далд оршуулга уламжлалт зан үйл ч гэсэн 21 дүгээр зуунд чандарлан оршоох нь байгальд илүү ээлтэй гэж олон улс үзэж буй.

-Манайх шиг буддын шашинтай улс орнууд чандарлах зан үйлийг хэрхэн хүлээж авдаг бол... Нөгөөтээгүүр оршуулгын газруудад тавьдаг шаардлага, стандарт гэж байдаг уу?

-Манайхтай адил буддын шашинтай Азийн орнууд 80-90 хувьтай чандарлах зан үйл хийдэг. Газар нутаг багатай орнуудын хувьд бараг 100 хувь чандарладаг. Үүнийг ч хууль, журамдаа нийцүүлэн зохицуулж өгсөн байдаг.

Оршуулгын ёслол бол тухайн улс орныхоо онцлог, уламжлалаас шалтгаалдаг ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа байгальд экологид ээлтэй хэлбэрийг сонгодог болсон.

Харин манай улсын хувьд одоогоор оршуулгын ёслолыг зохицуулж өгсөн хууль дүрэм тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл, манай улсад оршуулгыг цэгцлэх зэргээс эхэлсэн хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна гэж харж байна.

Хамгийн сүүлд 2020 онд "Буяны зан үйлийн холбоо" ТББ-аас MNS 6841:2020 оршуулгын үндэсний стандартыг санаачлан батлуулсан. Түүнд оршуулгын газар ямар төлөвлөлттэй байхаас эхлээд бүх зүйлийг тодорхой зааж өгсөн байдаг.

Энэ ташрамд, оршуулга буяны үйлчилгээний бусад газруудад дээрх стандартаа мөрдөж ажиллахыг уриалж байна.

Харин "Улаанбаатар буян" компанийн хувьд 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулахдаа олон улсын гурвалсан стандартын буяны салбарт салбарт анх удаа нэвтрүүлж байв.

Тухайлбал, манай компани 2010 оноос ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001:2015 буюу байгаль орчны удирдлагын тогтолцоо болон OHSAS 18001:2007 буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан.


-Чандарлан оршоох зан үйл бол байгальд орчинд хамгийн ээлтэй хэлбэр. гэж та хэллээ. Тэгвэл Монголд энэ үйлчилгээ нэвтэрснээс хойш ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

-Манай компани анх 2004 оноос хойш өдгөө 16 жилийн хугацаанд нийт 30,000 гаруй бурхан болоочийг уг зан үйлээр нутаглуулсан байна. Ийнхүү нутаглуулснаар байгальд ээлтэй хэд хэдэн зүйл гарсан гэсэн судалгаа байдаг.

Үүнээс дурдвал, Монголд Улс чандарлан оршоох үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш нийт 60,000 ширхэг ургаа модыг далд оршуулгын үйлчилгээнд ашиглагдахаас буюу оршуулгын хайрцаг болохоос сэргийлсэн.

Мөн 600,000 ам.метр буюу 60 га газрыг далд оршуулгын үйлчилгээнд ашиглагдахаас хамгаалж, эдийн засгийн эргэлтэд бусад хэлбэрээр ашиглах боломжийг нь бүрдүүлсэн байна.

60 га газрыг зуслангийн газраар дүйцүүлж бодвол 1,500 айлын зуслангийн газартай дүйцэхүйц хэмжээний газрыг оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдахаас бүрэн сэргийлсэн байна.

Түүнээс гадна бурхан болоочийг далд оршооход хөшөө чулуу дэрлүүлдэг. Тэгвэл чандарлах зан үйлийг нэвтрүүлснээс хойш 7,000 тонн чулууг далд оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдахаас сэргийлж чадсан.

Өөрөөр хэлбэл, ойролцоогоор гурван Зайсан толгойтой дүйцэхүйц байгалийн чулууг байгальд нь хадгалж үлдсэн байна.

-Чандарлах зан үйл байгальд ээлтэй ч нөгөө талаар иргэд хэт үнэтэй бол энэ үйлчилгээг буюу далд оршуулгын үйлчилгээг сонгодог гэцгээдэг. Та үүнд тайлбар өгөхгүй юу. Ер нь бурхан болоочийг чандарлан оршоох үнэ хэд байдаг юм бэ?

- Иргэдийн дунд чандарлах зан үйлийг хэт үнэтэй гэх буруу ойлголт байдаг нь буруу. Өнөөдөр Улаанбаатар хотын буяны үйлчилгээ дунд чандарлах үйлчилгээ хамгийн хямд нь гэдгийг хэлье.

Хэрвээ бурхан болооч 36 буюу түүнээс дээш сар нийгмийн даатгал төлж байсан бол оршуулгын тэтгэмж болгож улсаас нэг сая төгрөг олгодог. Манай байгууллага түүний жишгээр 980,000 төгрөгийн буяны цогц үйлчилгээг санал болгодог. 

Энэ үнэд чандарлах зан үйлийг эхнээс нь авахуулаад дуусах хүртэл буюу бурхан болоочийг тээвэрлэх, бурхан болоочтой танхимд салах ёс хийх,  чандарлах, бунханд залах үйл явцын зардал багтдаг юм.

Өөрөөр хэлбэл, чандарлан оршоох зан үйл нь далд оршуулгын зан үйлээс 30-40 хувь хямд үнэтэй.

-Гаднын олон оронд нас барсан хүний чандрыг бунханд байрлуулсан байдаг. Тэгвэл манайд хаана хадгалдаг вэ?

-Бурхан болоочийн чандрыг олон янзаар хадгалах боломжтой. Тухайлбал, суваргад эсвэл хүндэтгэлийн хананд болон хөрсөнд юм уу, тойрог модны хөрсөнд гэх мэтчилэн 8-10 хэлбэрээр залж болдог.

Сүүлийн үед манай байгууллага иргэдэд модтой үйлчилгээ буюу бурхан болоочийн чандрыг модны хөрсөнд залахыг санал болгож байгаа. Үүнийг хорвоод дахиад нэг амь бүтээж байгаагийн илрэл гэж ойлгож болно.

Эрт дээр үеэс л чандарлах зан үйл байсаар ирсэн. Үүнийг л харин орчин үеийн техник технологитой хослуулж байгааг л иргэд зөв ойлгох хэрэгтэй болов уу.

-Зарим иргэдийн хувьд чандарлах зан үйлд дутуу шатаах асуудал гардаг гэцгээдэг. Тийм тохиолдол гардаг уу?

-Чандарлах зуухны хувьд, манайх 2017 оноос Европын стандартад нийцсэн болон Монгол Улсын MNS:5606 стандартыг бүрэн хангасан бөгөөд агаар мандалд ямар ч хорт хий, хаягдал гаргадаггүй зуухыг нэвтрүүлсэн.

Иргэдийн дунд таны асуусан шиг дутуу чандарладаг эсвэл талийгаачийн эрхтнийг гаргадаг гэхчлэн буруу мэдээлэл бий. Энэ бол үнэхээр ташаа ойлголт гэдгийг иргэдэд хариуцлагатайгаар мэдэгдье.

Манай шарил чандарлах зуух нь 800-1,000 градусын цельст шарилыг чандарладаг бөгөөд тусгай самбар бүхий удирдлагатай. Ийм целсийн халуунд 45-60 минутын хугацаанд ихэнх шарил бүрэн чандарлагддаг.

Өөрөөр хэлбэл, 800-1,000 градусын цельст шарил цаг орчим болоход ямар нэг үлдэц үлдэхгүй. Ойролцоогоор хоёр килограмм орчим чандар гардаг.

Харин нас барсан хүнийг далд хэлбэрээр оршуулсаны дараа тухайн хөрсөнд 60 жилийн хугацаанд задардаг гэх судалгаа байдаг.

Тодруулбал, эхний 3-4 жилд зөөлөн эдүүдэд задрал явагддаг бол сүүлийн 40-50 жилд ясны бүтцүүдэд задрал явагддаг.

Тиймээс л олон улс хөрсний далд оршуулгын зан үйл үйлдэхдээ ч хайрцгийг нь хурдан шингэх материалаар хийх эсвэл хөшөө чулууны хэмжээг багасгах зэргээр эко байдлыг илүүд үзэх болсон.

-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: https://ikon.mn/n/26kx?fbclid=...

Бусад мэдээ