Хамтын Ажиллагааны Хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Жил бүр “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-иас зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг нэг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй оршуулгын үйлчилгээний байгууллагууд болон эмнэлгүүдийн шинжээч эмч, туслах ажилтнуудтай хамтын ажиллагааны хэлэлцүүлэг зохион байгуулдаг билээ. Уг уулзалтаар оршуулгын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд болон оршуулгын үйлчилгээнээс өмнөх үйл явцыг хариуцан ажилладаг эмнэлгийн шинжээч эмч, туслах ажилтнуудтай хамтран ажиллахад гардаг аливаа асуудал, түүнийг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар хэлэлцэх, санаа бодлоо хуваалцах боломж олддог билээ.
Энэ жилийн хэлэлцүүлгээр бурхан болоочийн шарил тэр дундаа нярайн эхэсийг ил тавьж буй нь хот суурин газрын соёлд үл нийцтэй оршуулгын зан үйл болж байгаа талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Эх хүүхдийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөлөл ярьсан юм. Мөн хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун оролцож оршуулгын үйл ажиллагааны эрх зүйн орчин болон оршуулгын үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн юм. Энэ жилийн Хамтын ажиллагааны хэлэлцүүлгийн үеэр хойтын буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэн шагнал хүртээсэн бөгөөд:
- Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны “Салбарын Тэргүүний Ажилтан” хүндэт тэмдгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Прозектор Т.Батцэнд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Таниулах ажиллагаа хариуцсан санч Э.Мандах,
- Монголын залуучуудын холбооны “Тэргүүний Залуу” цол тэмдгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Туслах ажилтан М.Нямдаваа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Шүүх шинжилгээний прозектор О.Энх-Амгалан нар тус тус шагнагдсаныг уламжилсан юм.
Цаашид уг арга хэмжээнд буяны байгууллагуудын төлөөлөлийг оролцуулан энэ асуудлаар хамтран хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрэх нь зүйтэйг хэлэлцүүлэгт оролцсон эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл санал нэгтэйгээр хэлж байсан юм.