МОНГОЛ ЁС ЗАНШИЛ
А
АРХИЙГ ЦЭЭРЛЭХ ЁС
Архи бол хамгийн хүндэтгэлтэй идээ. Монголчууд таван тансагийн идээ гэж ярьдаг. Бүх идээнүүдийг нийлүүлсэнтэй тэнцэх хамгийн товч дээд идээ гэдэг. Мах, сүү, айраг, тараг, тос бүгдийг хамтатгасан учраас тэгэж нэрлэдэг. Монголчуудын бүр эртнээс баримталж ирсэн заншлыг үзэхэд архи хамаагүй хэрэглэхийг хатуу цээрлэдэг байжээ. Бүр Хабул хааны үеэс архины хатуу хэмжээ гарсан. <Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт> гэсэн байна. Энэ дотор <уу> гэдэг үг алга. Дөч хүрээгүй хүн бол уруул ч бүү дүр гэсэн санаа байна. <Их засаг> хуулинд ажил албандаа анхны удаа согтуу ирвэл тэр өдрийн барьсан зэвсгээр торго, хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор торго, гурав дахь удаагаа болбол мөчий огтол, дөрөв дэхь удаагаа ирвэл уул нутгаас зайлуул гэсэн байдаг.
XVIII зууны дунд үеийн баримт сурвалжид: Хэрвээ гэлэн хүн архи уувал 3 мориор, гэцэл хүн архи уувал 2 мориор, банди хүн архи уувал 1 мориор, хиа, лам нар, хаалгач ууваас 2 мориор тус тус баалан (торгож), тэдний сахил санваарыг хурааж, торгуульд авсан морьдыг илрүүлсэн, гэрчилсэн хүнд өгөх тухай заасан байна. Бас архи уугчийг хэн хүн дарж нуун далдалвал 1 мориор, мөн архи өгсөн хүнийг 1 мориор баалж торгодог ажээ. XIX зууны дунд үеийн судалгааны мэдээнд: гэлэн хүн архи ууваас 9 соёолон мориор, гэцэл хүн архи уувал 5 соёолон мориор, банди хүн уувал 3 соёолон мориор тус тус баалан илрүүлсэн, гэрчилсэн хүнд мөн баа торгуульд авсан морьдыг шагнал болгон өгдөг журам үргэлжилжээ.
АРВАН ЦАГААН БУЯН
Нэгд, хорхой шавьжнаас эхлээд аливаа амьтны амь хөнөөхийг хатуу цээрлэж, авран өршөөх арга замыг барин дагах.
Хоёрт, юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг ч бодохгүй, харин өөрөө өгөх.
Гуравт, буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх.
Дөрөвт, хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван амарлингуйг хичээнгүйлэх.
Тавд, худлаа хэлэхийг цээрлэж, болсон явдлыг үнэн мөнөөр нь шударгаар өгүүлэх.
Зургаад, ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлнөөр харилцах.
Долоод, ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх.
Наймд, бусадтай арцалдах элдэв хорт сэтгэл агуулахыг тэвчиж, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх.
Ест, хомхой, шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг баримтлах.
Аравт, аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд эвсэг зөөлөн хүнлэг сэтгэлийг баримтлах.
АРВАН ХАР НҮГЭЛ
Биеэр үйлдэж, сэтгэлдээ муу муухай юм бодох нь бас нүгэл болдог гэдэг.
Нэгд, аливаа амьтныг алах, хоёрт хулгай дээрэм хийх, гуравт хүнийг шулж мөлжих эдгээр нь биеэр үйлдэж байгаа гурван хар нүгэл юм. Нэгд, худал хэлэх, хоёрд, хов зөөх, хутган үймүүлэх, гуравт, загнаж зандрах, гүжирдэн гүтгэх нь ам хэлээр үйлдэж байгаа гурван хар нүгэл билээ.
Нэгд; бусдад атаархан жөтөөрхөж илүү үзэх санаа, хоёрт; эд хөрөнгө, эрх тушаал, алдар нэрэнд шунах сэтгэл, гуравт; хар амиа хичээх, харамлах, дөрөвд бусдад хар санаж хажиглах, үл итгэх зэрэг нь санаа сэтгэлээр үйлдэх дөрвөн хар нүгэл болдог.
АНД БОЛОЛЦОХ ЁС
Монголчуудын нэг сонин заншил нь анд бололцох ёс юм. Энэ талаар <Монголын нууц товчоо>, <Алтан товч> зэрэг түүхийн уг сурвалж бичгүүдэд баримт сэлт олон байдаг. Жишээлбэл Тэмүүжин, Жамуха хоёр Онон мөрний мөсөн дээр шагай солилцон анд бололцдог билээ. Түүхээс үзвэл эрдэмтэн мэргэд, сайн эрчүүд, эрэлхэг баатрууд, аянчин гөрөөчид анд бололцох нь цөөнгүй. Тэгж анд бололцохдоо өмссөн цамц, зүүсэн зэр зэвсэг, мэргэн санаа, бүсээ солилцож өнө үүрд нөхөрлөхийн андгай тангараг тавилцдаг байна. Ингэхэд найр хийдэг ч ёс бий. Анд бололцох ёсыг одоо ч гүйцэтгэж байна. Жишээ нь: зохиолч Л. Чойжилсүрэн Чингисийн үеийн монголын тухай сонирхолтой роман бичсэн Исай Калашников нар цамцаа солилцон өмсөж анд нөхөд бололцсон гэдэг. Анд бололцох ёс нь Монголчуудын эрхэм нандин зан үйлийн нэг юм.