×

МОНГОЛ ЁС ЗАНШИЛ

Ө

​ӨРХ ТУСГААРЛАХ ЗАНШИЛ

Монголчууд хөвүүнээ 18-25 наснаас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож, өмч хөрөнгө тасдан өгч, өрх тусгаарладаг заншилтай байв. Монголчууд охиноо 17 нас хүрэхэд «цусан тамир» нь гүйцсэн хэмээн эрд өгдөг. Хөвүүнээ бол 18 нас хүрэхэд «цусан чөмөг» нь бүрэдсэн хэмээн эхнэр авахыг зөвшөөрдөг байжээ.

​ӨНДӨР НАСНЫ ОЙ

Монголын уламжлалт заншлаар дал, наян тав, ерэн насанд өндөр насны найр хийдэг. Наян тав хүрэхэд зуны дэлгэр цагт айраг цагаа болон найр үүсгэх ба ер хүрэхэд ирэг хурааж ирдэг хэмээх хуучин үг бий.

Ойн найрыг үр хүүхэд, садан төрөл нь нутаг усныхаа ард олныг урьж өргөн дэлгэр хийдэг.

Орчин үед хүний нийгмийн үүрэг ихэд өсөж, идэр залуугаасаа улс нийгэмд хөдөлмөрлөн түүнийг үнэлэн тавин наснаас эхлэн ойг нь тэмдэглэдэг болж байна. Гэвч тавин насны ой нь голдуу албан шинжтэй. Олонхи ёслол нь зуугийн талаас хэлбийсэн ахмад болох жар, далан насанд тохиолдож байна. Иймд энгүүн аав ээж, ах эгчийн ойг хийх гэвэл жараас дээш насанд тэмдэглэх нь зүйтэй бизээ. Гэхдээ тавин насны ой хийхээс цааргалж үл болно. Энэ эь улс нийгэм хамт олноос тэр хүний үр бүтээлтэй ажилласныг тэмдэглэж байгаа хэрэг юм.

Насны ойн ёслогоо нь албан болон энгийн гэсэн хоёр янз болно. Тус баярыг албан ёсоор тэмдэглэх бол тухайн хамт олон нь албан газраас нь ёслож болно. Мөн энгийн гэр оронд тэмдэглэх ёстой нь хамтруулж ч болно. Ингэж албан ёсоор ёслох бол албан газрынхаа ёслолын байранд хүндэт суудал засан эрхэм улсаа суулган, тус ойг тэмдэглэх комиссын зүгээс уул ёслолыг нээн , уг хүний үйл ажиллагааны тухай даруухан мэдээлэл хийсний дараа үндсэн байгууллагын хамт олноос эхлэн бусад хүмүүс талархал дэвшүүлж дурсгалын бэлэг сэлт гардуулна. Ингээд ёслолын төгсгөлд найрын хүндтэнээс олондоо хариу талархал хүргэн сэтгэгдлээ хэлнэ. Энэ ёслол төгссөний дараа ёслолын цай хүргэж болно.

Гэртээ ёслох ёсолгоонд ах дүү, үр хүүхдээс нь ёсны үг хэлж ёслолыг нээгээд үр ач нарын нь өргөл болгон хүүхэд багачуудаар нь хадаг идээ бариулан эхлүүлээд дараа нь хамт олны төлөөлөгч үг хэдэн хундага дэвшүүлэх ба ах дүү анд гайз нар нь дараалан ёсны үг хэлж бэлэг сэлт барина. Найрын ширэ, найрлах ёс нь эгэл хүндэт найрын адил болно. Энэ найрт хүндэтгэлийн дуугаар ая барин, ерөөл тавьж болно.