Монголчуудын цээрлэх ёсон

Монголчууд бид унасан газар угаасан усаа эрхэмлэн дээдэлж хайрлан хамгаалж түүнийгээ хойч үедээ аман болон бичгийн эх сурвалжаар уламжлан өвлүүлж ирсэн арвин баялаг туршлагатай ард түмэн билээ. Түүний нэгээхэн хэсэг болох Арвай хээрийн тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх сударт нутаглах газар орны цээрийн тухай хэрхэн өгүүлсэнийг сийрүүлвэл:

-Нутаглах газрынхаа байдлыг шинжин тогтоож, цээр хориг тавьдаг ёс буй. Үүнд:
-Аль ч зүгийн уул хол боловч сэрвэлзэн цухуйх ба хад чулуу сэрвийн харагдах газар гэр барих, хүн нутаглуулах цээртэй.
-Цагаан чулууг тэнгэрийн элч гэдэг тул түүний хойно гэр барих муу.
-Гэрийнхээ баруун урд туургыг /нүүхдээ/ гөвөх цээртэй.Буянаа үл гөвөх.
-Айлын хуучин буурин дээр гэрээ яг давхардуулан барих цээртэй.
-Хар чулуу чөтгөрийн хорлол тул түүний өмнө буух муу.
-Өмнө, хойно нь уулын хөтөл харалдаа газар буух муу.
-Улаан чулуу албины мануул тул түүний зүүнтэй үл буух.
-Цөөрөм усны хойно үл буух, зовлонт хүмүүний нулимс гэдэг.
-Солбисон хошуу тал дор буух муу.
-Ангархай хавцал мэт газрыг эрслэн үл буух
-Хоёр хүмүүн буюу эсвээс хоёр нохой эсхүл хоёр шувуу хэрэлдэн тэмцэлдсэн мэт газарт ойр үл буух.
-Хар цагаанаар алагласан, улаан хараар алагласан зэрэг өнгө байдал зохисгүй газар буух муу.
-Араатан шүдээ ярзайлгасан ба хэрээ шувуу тэргүүтний хумс мэт газрын ойр буух муу.

Бууж нутаглах газрын цээр
-Өмнөө тогтоол шалбааг устай бол тэнгэрийн нулимс тогтсон муу гэдэг.
-Халз өмнөөс шалбааг булагтай газар байшин балгас битгий барь.
-Өмнөө улаан ширх мэт хадтай бол хүн малд өвчин хоргодох
-Хойноо шувуу мэт ганц хадтай газар үзэгчийн өөрийн амь насанд хор өгөгч чөтгөртэй.
-Эрлэгийн ам мэт, араатан гөрөөсний гэдэс мэт ийм газрын харш, хорлол нь өвчин хийгээд ад зэтгэр олон бий.
-Хоёр араатан хэрэлдсэн мэт, хоёр шувуу улай булаалдсан мэт тийм газар уул толгод, хад их гэмтэй.
-Хар могой уруугаа гулгасан мэт, эм мангас үсээ сэгсийлгэсэн мэт, матрын ам ангайсан мэт ийм газрын хорлол маш их.
-Бас оцойж суусан нохой мэт, өмнөөс наашаа харсан уул ба хадан хоншоор бол гэм нь хүн, адгуусны амь нас ахар болох.
-Бас шувууны хумс мэт, тэмээний хоншоор мэт, яст мэлхийн шүд мэт тийм орон газрын харш гэм нь эрхтэн эвдрэх, үе гишүүнд гэм болох
-Усны урсгалын хөндлөнгөөс тасалсан мэт, газрын хушуу мэт байгаа өнгө цайвар бөгөөд үхээр мэт бол түүнд байгч хүний буян хишиг, эд мал ууршин, сэтгэл дэнслэх.
-Нутаг газрын дүр нь уулын үзүүр, хадны орой нь мэс, илдний үзүүр мэт, соёо мэт, хон хэрээний хошуу мэт бол маш их харштай
-Зүүн зүгтээ суврага мэт уул, өмнөө гол мэт уул, баруундаа мод, хойноо устай газрын гэм их.
-Сумны онь мэт, усыг хадаар тасалсан мэт, амаа ангайсан мэт, голд бас хөндлөнгөөс гол сэлбэн ирвээс тэр газраас бага хүн барагдах аюултай, ураг садан үл зохицолдож, атаа хорсол болох.
-Хэмхэрсэн яс мэт бутарсан хэсэг газар бол орон балгадыг хэмхлэн үйрмэглэгч газар мөн.
-Хоёр голын бэлчир, тэр нь амаа ангайсан маяг хэлбэртэй бол орон гэр байрлаваас их харш.
-Улаан өнгөтэй газар нь догшин албин орон, моринд сайн байтал бусдад муу.
-Хөх газар, хөх хад нь ямаанд сайн атал бусдад муу.
-Дэрстэй газар үхэрт сайн бусдад муу.
-Өргөстэй газар тэмээнд сайн бусад малд муу.
-Уултай газар хонинд сайн бусдад муу.
-Ухаа өнгөтэй газар хүн, эд ууршина, бусдад зүгээр.
-Цагаан уул холимог өнгөт газар хүн адгуусанд өвчин үхэл болох.
-Хар улаан алаг газар нь хүн, адгуусанд үхэл өвчин болох.
-Хар цагаан алаг газар нь эд, идээ хомс болоод малыг зуд турхан дайрна.
-Хөх шар алаг газар нь алинд нь ч сайн.
-Хар шар алаг газар нь адгуусанд сайн байтал хүнд өвчин тусах муу.
-Шар цагаан алаг газар нь мал завхрах ба эд үгүй болно.
-Бор газар нь хонь, үхэр өсөх.
-Хүрэн газар нь адгуусанд сайн, чонын аюул ихтэй.
-Газрын ус нь баруун уулнаас гурван могой буух мэт бол муу.
-Тэвш мэт газрын дунд бүү буу.
-Дээвэр мэт газрын дор бүү буу.
-Зүүндээ босоо хүн мэт хад асга байвал хулгайд өртөх газар.
-Тал газар нэгэн хэсэг цагаан чулуутай бол малд гэнэт өвчин гамшиг болох.
-Ганц модны дэргэд бүү буу.Хүнд гэнэт өвчин болж болох.
-Булаг усны тархин дээр бүү буу.
-Зүлэг дотор үхэр, хонины дайтай чулуу байвал хавдар ургах.
-Олон могойтой газар байвал мал хамуурна,
-Хадан хушууны халз өмнө бүү буу.
-Гурвалжин газар гурвалжин нуур мэт газар бүү буу.
-Хоёр хуц мөргөлдсөн мэт уулын завсар газар, тэгээд цагаан бол бүр болохгүй.
-Бух газрыг ухсан мэт уулын өмнө бүү буу. Эдгээр газар орон нь эрлэгийн орон болой.

Газар усны цээр
-Буга намнахаас цэрвэнэ.Лусын унаа тул лусыг явгалчихвий гэдэг.
-Шулуун сухай авдаггүй/шулам биелэнэ/
-Сонгинын хальс шатаадаггүй /нүд сохрох/ малын нүд өвдөх.
-Шувууны өд галд хийдэггүй.
-Өнчин дэрснээс тойрдог. /муу юм шүгэлсэн гэдэг/
-Сонгино ухаж/гараар/ авдаггүй. /Ганц хуруудна, үлд гаргана/
-Удган модны сүүдэрт суудаггүй. /өвчин олно/
-Өнчин ганц модны ойр байхыг цэрвэнэ. /аянга буудаг/
-Буцламгай халуун ус, галтай үнсийг газарт асгахыг цээрлэнэ. Гэмгүй хорхой шавьж, ургамал амьтныг хөнөөн нүгэл хураана гэдэг.
-Газар гадас шааж орхих цээртэй.Өргөс орхисон адил.
-Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ.Хог хаягдлыг оромгүй болгон цэвэрлэж нүүнэ. Газар нутгийн сахиулсан хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэдэг.
-Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ.Мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
-Буцан нүүдэллэж буй шувуу, тогорууг хуруугаар заах, тоолохыг цээрлэнэ.
Тоолбоос аян замдаа барцадтай тоолсон хүнд өлзий бус болно.
-Борооны усыг алгаар тосохыг цээрлэнэ. Үл цээрлэвээс тэнгэр задраана, бороо ихдэж, усны аюул болно.
-Зулзага, үр төлөө дагуулсан ан амьтанг агнахыг цээрлэнэ. Агнаваас эх үрс хагацах.
-Зулзган модыг огтлох, гэмтээх, булгалахыг цээрлэнэ.Уул, ой тайгын сахиулсан хилэгнэнэ гэнэ.
-Онгон /ганц/ модыг огтлох, гэмтээхийг цээрлэнэ. Зөрчвөөс гай гамшиг дайрна, савдаг хилэгнэн гэм тавина гэнэ.
-Өндгөө дарсан шувууг үргээх, цочоохыг цээрлэнэ.Зөрчвөөс нүгэл хураана, шувууны хараал хүрнэ гэнэ.
-Зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь сугалах, хаана байгаа газраас нь дур мэдэн түүхийг цээрлэнэ. Үндэстэй нь сугалваас үржиж төлжихгүй.
-Мангис /дорго/ алахыг цээрлэнэ. Алваас хараал хийнэ, хараал нь хүрнэ гэнэ.
-Харцага шонхор, бүргэд мэтээс дутаасан бялзуухайг гэрт орж ирэхийг цээрлэнэ. Хэрэв ороод ирвэл гай чирлээ, дагууллаа хэмээн сэжиглэнэ.
-Харганаар ширвүүл хийхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өв хөрөнгөө ширвэж барахын ёр гэнэ.
-Мод тарих, бургасаар хашаа хороо барихдаа гол толгой мөчрийг мухарлан огтлохыг цээрлэнэ. Огтолвоос толгойг нь хяргаснаас өөрцгүй гэх буюу мод, бургас ховордоно гэнэ.
-Хөлдүү газар, хүйтэн чулуун дээр удаан суухыг цээрлэнэ. Шамбарамтай болно гэдэг.
-Хаврын гурван сард хээр хөдөө гал алдахыг сэрэмжлэн цээрлэнэ.Зөрчвөөс хангай дэлхийг түймэрт идүүлнэ гэнэ.
-Хавар гол мөрөн цөн түрэх үес мөсөн дээгүүр нь хайхрамжгүй явахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс осолдоно гэнэ.
-Хавар гол, мөрний эрэгт ойр хаваржаанд буухыг цээрлэнэ, Учир нь усны үерээс сэрэмжилж буй хэрэг.
-Хавар холын аян замд, эс бөгөөс мал эрэхээр одогсод хөнгөн нимгэн хувцаслан явахыг цээрлэнэ. "Хаврын тэнгэр хартай" гэхийн учир тийнхүү хориглоно.
-Тул загасыг дур зоргоороо гогдох, хөнөөхийг цээрлэнэ. Зөрчвөөс лус хилэгнэнэ, нас охор болно гэнэ.
-Монголчууд загасыг урт настай амьтан, лусын сүрэг гэх тул дураараа алах, идэхийг цээрлэдэг байжээ.
-Тогоруу алахыг цээрлэнэ. Алваас нас богино болно. Тогоруу шувуу ган дөрөөг сэтэртэл хараадаг хэмээн ихэд цээрлэдэг. Чухамдаа амьтныг хайрлахын учир хөнөөхийг цээрлэдэг болой.
-Түлээ түлш бэлтгэхдээ залуу, зулзган мод, иш мөчир гоолиг сайхныг нь огтлохыг цээрлэнэ.
-Удган модны сүүдэрт суухыг цээрлэнэ. Өвчин тусна, лусын хорлол болно.
-Ургаа модны битүү хар сүүдэрт амарч суух, хэвтэхийг цээрлэнэ.
-Унааны шон, гадасны нүхийг битүүлэхгүй орхихыг цээрлэнэ. Газар дэлхийг амраасангүй, хайрласангүй гэх, мөн хожим морь малын хөлд гэмтэй гэдэг.
-Нүүрс, заг түлээд өрхөө бүтээх, яндангаа битүүлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амьсгаа боогдоно, бүтэж үхнэ гэдэг.
-Сар, бэгбаатар зэрэг шувууг харвах намнахыг цээрлэнэ. Зарим нутагт шөнийн ангууч шувуудыг бэлчээрийн эзэн сахиул хэмээн үргээх, хөнөөхийг хорьж цээрлэдэг.
-Сармис, сонгинын хальс галд хийхийг цээрлэнэ. Хийвээс малын нүд өвдөнө.!

Ханш нээх
Өдөр шөнө хоёр тэнцсэнээс хойших хугацааг ханш нээсэн гэдэг. Ханш нээх өдөр малаа имнэдэг байв. Улаан шаазгай өдөр аливаа ажил явдал цээртэй. Улирал бүрийн зуны тэргүүн сарын могой өдөр, дунд сарын тахиа өдөр, сүүл сарын үхэр өдөр улаан шаазгай өдөр тохионо. Ханш нээх өдөр бороо дуслах, салхи, салхилахыг цээрлэнэ. Жар хоногийн бороо орж, салхи салхилна гэдэг. Хоёр сарын шинийн хоёронд луу толгойгоо өндийлгэх өдөр түүнийг дагалдаад алив ичээлсэн амьтад толгойгоо өндийлгөнө. Энэ өдөр хорхой шавж алж болохгүй.

Модны цээр
-Ганц модны сүүдэрт суух, тэврэх, түших цээртэй.
Гэвч эхнэр нь үхсэн эр хүн дахин гэрлэх болвол хоёр иртэй сүх авч очоод ганц модыг тэвэрч дом дарлага хийнэ. Шулам биелэнэ.
- Өнчин ганц мод огтлох, булаг шандны дэргэдэх модыг огтлох цээртэй.

Могойн цээр


-Могой замд хөндөлдөн тааралдвал толгой талаар нь гарахыг
цээрлэнэ. Заавал сүүл талаар нь тойрч гарна. Явдал үйлс
бүтэлгүйтнэ гэнэ.
-Могой ороолдон хурьцан тохиолдохыг цээрлэнэ. Тохиолдвоос
дээр нь алчуур, бөсөөр бүтээгээд эргэн харалгүй явна. Могой есөн
хор, хорлолтой гэх тул гай хараал нь бэрх гэдэг.
-Могой ичиж байхад тааралдвал дуугарч болдоггүй, эс тэгвэл
хэлгүй болдог. Хавар тэр могойн чуулгатай ахин тааралдтал хэл орохгүй гэдэг.
-Могой урт настай амьтан тул алж болдоггүй. Алсан хүний нас богиносдог гэдэг. Хүн арван хортой. Могой есөн хортой гэдэг.
-Могойг могой гэхийг цээрлэнэ. Урт хорхой, хайрхан, лусын эзэн гэх мэт авгайлна
-Могой өдөр алс холын аянд гарахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс "Зам урт, явдал ужиг болно" гэх буюу нумны хөвч тасрахын нэгэн адил муу ёр болно гэнэ. Зайлшгүй явах хэрэг тохиолдвоос Бундхорол өмнөө залж, цээр гаргадаг тарина уншина. Тарни нь: Ом агани нигани ажийла мандэли мэе сууха"
-Могой өдөр шинэ хувцас эсгэх, оёж хэрэглэхийг цээрлэнэ. Гүйцээж чадахгүй болно гэдэг.
-Могой хальсаа гээж байхыг үзвэл хүнд өвчин тусах муу ёр.
-Могой хөлөө гаргахыг үзэх муу ёр. Үзвээс үсээ сөргөөн "Миний толгойн үс арвин уу? Чиний хөл арвин уу? гэж хэлээд гэдрэг эргэж харахгүйгээр 100 алхам зугтаавал муу ёр арилдаг.
-Муурыг савхаар зоддоггүй. Могой авчирна.
-Могой нүхэндээ орж байхтай таарах цээртэй. Могой чадлыг нь аваад нүхэндээ ордог тул сүүлнээс нь татаж гаргадаг. Могой цагаан эрээн бол үл алах "Халх журамд" могой, болжмор алсан хүнийг мориор торго гэжээ.
-Цагаан эрээн могой гэрт орвол хүүхэд заяах сайн. Хар эрээн могой орвол муу ёр --Могой гэрт ороод эвхрэлдэн хэвтмэл муу, харин сунаж байвал сайн гэдэг. Гэрт орсон могой шилэн хүзүүнээс нь галын хайчаар хавчиж сүүг толгойд нь дусаагаад гаргаж хаядаг.
-Могой замд тохиоход дээлийн энгэр рүү орох маягаар таарвал олзтой, гарах маягаар таарвал олзгүй, бүтэлгүй гэдэг.
-Хулгана залгисан могойг илж гаргавал бариач болно.
-Гэрт орж ирвэл толгой дээр нь сүү тусааж мялаагаад төмөр цохих чимээгээр нь холтгодог.
-Гурван настай даахитай хүүхдээс могой айдаг тул тэр айлд ордоггүй гэдэг.

Морь харах
-Айлын гадаа очоод гэрт орохоос өмнө морь харахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс дээрэлхэн доромжилсонд тооцно.
-Хойшоо Алтан гадас одны зүг харж гадаалах /морь харах/-ыг цээрлэнэ. Одод тэнгэрийг хүндлэхийн учир юм. Хойд зүгт бишрэлийн бурхад, долоон бурхан, алтан гадас од, Лха таван тэнгэр оршдог.Одод тэнгэрийг дээдлэн хүндэтгэх учиртай. Бас буян хишгийн бурхан Намсрай хойт зүгийг хариуцдаг.
-Хаврын гурван сард эр хүн хойт, зүүн, зүүн өмнө зүг хандан гадаалахыг цээрлэнэ. Зурхайн ёсоор “Тэнгэрийн хар нохойн” толгой эл улиралд зүүн зүг, бөгс баруун зүгт хандсан байх тул эм нохой баруун зүгийн тачаангуйг хангана гэх буюу айл гэрийг муу зүгийн ад дайрна гэнэ.
-Нар өөд харж гадаалах цээртэй.
-Айлын гэр өөд харж гадаалах цээртэй.

Нарны цээр


-Нар өөд харж морь харах, гадаалахыг цээрлэнэ.
-Нар мандахаас өмнө, нар шингэснээс хойш орон гэрээс эд юм гаргахыг цээрлэнэ. Хишиг буянаа хямгадахын учир тэр бөлгөө.
-Нар сар хиртэх үес найрлан цэнгэхийг цээрлэнэ. Хэрэв найр цэнгэл давхацваас завсарлаж тогоо түмпэн нүдэж, дөрвөн нүдтэй улаан халтар нохойгоо турхирч боргуулна.
-Нар хиртэж байгааг нүдээрээ шууд эгцлэн харахыг цээрлэнэ. Зайлшгүй харах болвол бараан шил, тортог суулгасан шилээр харна.Хиртэж буй нарыг нүдээр эгцлэн харваас муу гэмтэй гэдэг.
-Нартай халуун өдөр малгайгүй явах, нялх хүүхэд , нялх төл малыг гадаа удаан байлгахыг цээрлэнэ. Наршина.
-Нар, сар, од тэнгэрийг хараах цээртэй.
-Нар, сарыг хуруугаараа заах цээртэй.Хүндэтгэлгүй болно.
-Нар, сар, од гариг, тэнгэрийг хараах зүхэх цээртэй.Заяа гомдоно.
-Нар, сарны гэрлийг толгой дээрээ гэрийн цоорхой юмуу толины гэрлээр тусгаж тоглох цээртэй. Шээрэн болно.
-Нар, сарны зүг хар ус, хог шороо цацах нүгэл.
-Наран өөд эгц харж, хуруугаар чичлэх цээртэй.Хүндэтгэлгүй болно.

Нар хиртэхээс гэм суувал яах вэ?


Нар хиртэхэд түүн өөд эгцлэн шууд ажиглан харахыг цээрлэдэг. Цээрийг зөрөөд хиртэж байгаа нарыг эгцлэн харсан бол нүдний хараа муудаж юмны өнгө дүрс ялгахаа больдог. Тэгчихвэл шөнийн цагт урсгал усан дээр тусаж буй сарны дүрсийг урсгалыг дагуулан удтал ширтэн харж сууваас мөдхөн нарны хор гарч нүдний хараа илааршина гэдэг.
Нар хиртэхийг ажиглах
Нар хиртэхэд монголчууд мөнгөн аяганд цэвэр ус хийгээд түүнээ наран зүг харуулан явган ширээн дээр тавиад аягатай усаа ажиглан хардаг байжээ.Мөнгөн аягатай усан дээр нарны дүрс бууж хиртэх нь ч тодорхой харагддаг байна.Түүнээс биш хар шил мил гэдэггүй байжээ.Хар шилээр харсан ч гэсэн мөнгөн аягатай толинд харсантай адил огтхон ч гэм хоргүй өнгөрөхгүй биз.

Оршуулгын газар сонгох ёс
Монголчууд талийгаачийг оршуулахдаа олон зүйлийн ёс заншил үйлддэгийн нэг нь нутаглуулах газар сонгох явдал юм. Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалах мөн талийгаачийгаа хүндлэн дээдэлж байгаа сайхан ёс юм. Эрт үеэс талийгчийг оршуулах нутгийг сонгохдоо өглөө эрт нар тусах энгэр, алс холын уулын шовх сэрвээ хад өнгийж харагдахгүй, дөрвөн зүгтээ задгай цэлгэр бус, өвс ургамал сайтай, хүн малын хөлөөс зайдуу, энгэр түшсэн, өмнө талаараа уул жийсэн хонхордуу газрыг сонгоно. Харин булаг шандны эх, ганц мод, өнчин ганц толгойн дэргэд, уулын ар бэл, хойгуур урдуураа онь хөтөл, зам гарсан дөрвөн зүгтээ задгай нутгийг сонгодоггүй.

Оршуулгын цээр
Ердийн үед малгайгаа буруу харуулж өмсөх, хормойгоо огшоох,дээлийн нударга, захыг дотогш нугалж өмсөх цээртэй. /ясчин яс барихаар бүрлээчийнд орохдоо ингэдэг/ Бар жилтэй хүнээр талийгаачийн ясыг бариулж, хувцас солиулдаггүй.
-Хувцастай нь оршуулахыг цээрлэж/ цагаан даавуунд ороож буюу уутанд углана. Нүцгэн ирсэн тул нүцгэн буцах учиртай.
-Хүн нь нас нөхцсөн айл 49 хоног дотор мал төхөөрөхийг цээрлэнэ.
-Дээлийн зааман дээр малгай тавих, үхэх өөд болохын муу ёр тул цээрлэнэ. Бүтэн юм оршуулгад хийх цээртэй тул аяга бол сэтлэж, сэлэм бол хугалж, зүү бол мөн хугалж хийнэ. Сүнсгүй болсон хүнд сүнсгүй болсон юм хэрэглэдэг. Тиймээс оршуулгаас юм юмны хэлтэрхий тасархай хагас гардаг нь тийм учиртай.
-Ихсийн шарил тавьдаг газар хөл хориотой. Алслагдсан бөглүү зэлүүд өндөр уул, өтгөн ой, гүн уснаа нуудаг байлаа.
-Хүн оршуулахаар явах замд гол ус гатлах цээртэй. Сүнс төөрнө. Тамыг туулж чадахгүй гэдэг.
-Хүн нутаглуулаад (оршуулаад) буцахдаа ирсэн хар мөрөөрөө
давтан үл явах, зам буруулан буцна. Эс тэгвээс хүүр, онгоны
газар орших буг чөтгөр, төөрсөн сүнс дагаж ирээд гай барцад
болно гэж үздэг.
-Оршуулгын газраас буцахдаа эргэж харах, замдаа өөр хоорондоо ярилцахыг цээрлэнэ.
-Бүрлээчийг оршуулахаар явсан даруйд гэрийн доторхи тавилгыг гадагш гаргаж гэрийн бүрээсийг нимгэлж ханыг нь боодолтой нь өргөн өөр газар шилжүүлж уг байсан газарт бул чулуу тавьж тэмдэглээд хүн амьтан гишгэхээс сэргийлдэг.
-Насан өөд болсон хүний нэрийг дуудахыг цээрлэдэг. Хүмүүний хамгийн их дадуулж сурсан зүйл нь сүнсэнд шингэдэг учраас сүнс нь ирж гай түйтгэр болно гэж үздэг.
-Газарт оршуулахдаа талийгаачийн гал сахиж үлдсэн хүү нь өлмий талд буруу харж байгаад нэг хүрз шороо хийдэг. Харин толгой тэргүүн талд нь шороо эхэлж хийхийг цээрлэдэг.
-Жаран нэг, наян нэгэн насандаа үхэхийг цээрлэдэг. Эдгээр нас нь хүний био хэмнэлийн хүнд үе мөч болохоор тухайн хүмүүнийг цагаан сараар хоёр удаа золгуулж жаран хоёр, наян хоёр настай боллоо гэж оюун санааны хувьд засч сэтгэлийн тэнхээ хайрладаг.

Нүүдлийн цээр
-Морь, могой, нохой өдөр үл нүүх, аргагүй нүүхэд хүрвэл урд өдөр нь тулгаа хөдөлгөдөг.
-Нохой өдөр нүүхэд хүрвэл нохойн дээр өрхөө хаяж домнодог. Эсвэл нохой тэжээж цээр гаргана.
-Битүүн буюу 29-нд үл нүүх. Сар үл үзэгдэх шөнө.
-Шинийн 5, 14, 23-нд сарын З хорио тул үл нүүх. Шинийн 4, 6, 7, 10, 12,18, 20-ныг мөн цээрлэнэ. Ням гаригт үл нүүх, Лхагва, пүрэв, баасанд 24,25,26-нд нүүнэ.




Овооны цээр

-Овоо тахисны дараа овооны орчимд буй нуур цөөрмийн загас жараахайг барихыг цээрлэнэ. Овооны сахиулсан хилэгнэхээс сэрэмжилж буй хэрэг.
-Овоо тахисны дараа овоон дээрх өвс, мод, чулууг дураараа хөндөх, хөдөлгөхийг цээрлэнэ. Тахилга талаар болно гэнэ.
-Овооны найр наадамд охин хүүхэд уралдааны морь унахыг цээрлэнэ. Унаваас охин хүүхдэд ээлгүй болно гэнэ.
-Овооны дэргэдүүр морь унаанаас буулгүй, овоонд чулуу өргөлгүй өнгөрөхийг цээрлэнэ. Үйлс бүтэхгүй гэнэ.
-Доёнд гаргасан юм, овоонд өргөсөн юмыг авахыг цээрлэнэ. Эзэнтэй болчихсон гэдэг.
-Овооны дэргэдэх уул, толгой газрыг тайхыг цээрлэнэ. Овооны сахиулсан зайлна гэхийн учир тэр.
-Овооны хажууд ан гөрөө хийх, улай гаргахыг цээрлэнэ.Нүгэл болно, сахиулсан хилэгнэнэ гэх.

Рашааны цээр


Рашаан гэдэг нь амтат шүүдэр, амтат цай, хутагт ус, мөнхийн ус гэх утгатай Санскрит үг юм. Хүн төрөлхтөн эрт үеэс рашааны ид шидийг нээн өөрсдийнхөө эмгэг өвчинг анагаан ирсэн баялаг түүхтэй. Рашаан усыг дээдлэн хүндэлж ууж идэхдээ эмч мэргэжилтний зааврын дагуу хэрэглэхийн зэрэгцээ дараах хориг цээрийг сахиж хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээдэг сайхан уламжлалтай ард түмэн билээ.
-Рашаан усыг зоргоороо уухыг цээрлэнэ. Өвчин хууч хөдөлгөнө, үл зохицоно.Хор болно.Оточ, эмчээс асууж рашааныг хүртэнэ.
-Рашаан, булаг усанд бохир юм оруулах, сүү цэгээ дусаахыг цээрлэнэ. Бузартана, эзэн сахиулсан нь хилэгнэнэ.
-Рашаан усны дэргэд юм угаах, угаадас асгах, морь харахыг чанд цээрлэнэ.ус бузартана, лус хилэгнэнэ.
-Рашаан уух үес болон рашаанд орсны дараа гам алдахыг цээрлэнэ. Рашаан усны дэргэдэх мод бургасыг огтлох, хад чулууг хөндөхгүй. Рашаан ширгэнэ, газар доогуур шургана, лус савдаг хилэгнэнэ.
-Рашаан булгийн дээд талд, эс бөгөөс саахалт айлаас дотогш гэр майхнаа барихгүй.
-Рашаан усанд буй загас жараахай, хорхой шавжийг алж хөнөөхгүй. Лусын сүрэг, албат байж мэднэ, рашааны шимийг тэтгэгч байж болно гэдэг. Рашаан усаар мал сүргээ услах ундаалахыг цээрлэнэ.
-Рашааны эх хавиар нутаглах, орд харш барихыг цээрлэнэ. Рашаан булаг ширгэнэ. Лус савдаг хилэгнэнэ. Зөн олныг өвчин зовлонгоос ангижруулдаг шидэт усыг ширгээж ард олонд гай зовлон авчирна гэж үздэг.

Салхины цээр


-Хуй салхинд дайрагдахыг цээрлэнэ. Дайрагдваас сүнс зайлна, саа өвчин дайрна гэнэ. Хэрэв тохиолдвоос "Зам дээр чинь эрээн могой байна" хэмээн хэлээд "түй" гэж нулимаад цааш явна.
-Хулгай салхитай /тогтворгүй, сэм сэмхэн салхилдаг/ газар суух буюу унтахыг цээрлэнэ, Үл хэрэгсвээс ам хамар муруйх, саа дайрах өвчин олно.Хийморийн дарцагаа шалтгаангүй буулгахыг цээрлэнэ. Гагцхүү гэрийн эзэн талийгаач болсон үед буулгана.
-Салхи өөд харж морь харахыг цээрлэнэ. "Салхи өөд сөрвөл салтаа өмд нойтон" гэж заавал салхины уруу харж биеэ хөнгөлнө.
-Салхи өдөөх хөгжөөхийг цээрлэнэ. Салхитай өдөр исгэрэх, сэнс эргүүлэх, цаасан шувуу хийсгэвээс салхи улам хөгжин шуурч аюул болно гэдэг.Хорголыг салхинд хийсгэхийг цээрлэнэ. Хишиг хийснэ.
-Буруу эрчилсэн хуйнд дайрагдахыг цээрлэнэ. Буг чөтгөрийн тоос гэдэг.Дайрагдвал өөдөөс нь шороо цацаж "Хоёр гэрийн хоорондуур ор!Хожгор эмийн алан доогуур гар!" "түй!" гэж шившиж нулимдаг.
-Зөв эрчилсэн хуйг бурхны тоос гэж бэлэгшээнэ.

Тэнгэрийн цээр

-Тэнгэр өөд хар ус цацах цээртэй
-Тэнгэр өөд шороо цацах цээртэй
-Тэнгэр өөд хутга мэсээр чичлэх цээртэй
-Тэнгэр өөд ганц хуруугаар заах цээртэй
-Тэнгэрийг харааж, зүхэх цээртэй
-Тэнгэр өөд буудах цээртэй
-Тэнгэрт ам гарах цээртэй Тэнгэрээс од унахыг /солир харвахыг/ шөнө үл харах, харваас "Тэнгэрийн од унаснаас миний од унаагүй "Түй түй” гэж цээр гаргана. "Минийх биш хүнийх" гэх удаа ч бий.
-Дуутай борооны үеэр мал саах цээртэй
-Хавар цаг хүүхэд модон шуугиураар тоглохыг цээрлэнэ. Салхи дэгдээн тэнгэр задраана гэдэг.
-Олгойг зун цагт үлээж гадаа гэр дээр тавьж хатаах цээртэй. Тэнгэр дуугарах үед гэмтэй.
-Загийн ургамал уусан/эмчилгээнд/ хүн толгой нүцгэн гарах цээртэй, гарвал тэнгэр хуйсганана.
-Хулгай салхитай газар суух, унтах цээртэй. Ам хамар муруйх өвчин олно. Гахайн толгойгоор лус тахих цээртэй. Бороо орохгүй ган болдог. Хэрэв тахисан бол хонины толгойгоор лус тахиж цээр арилгавал бороо орно гэдэг.
-Салхитай өдөр хашгирах, исгэрэх, сэнс эргүүлэх, цаасан шувуу хийсгэхийг цээрлэнэ. Салхи дэгдээнэ.
-Тэнгэрийн галтай өдөр тариа хуурах, хурим найр хийх цээртэй
Сар бүр тэнгэрийн галтай өдөр нэг удаа тохиох бөгөөд зурхайч нар үзэж тодорхойлно. Үүнд: нэгдүгээр сарын хулгана өдөр, хоёрдугаар сарын туулай өдөр, гуравдугаар сарын морин өдөр гэх мэт буй тэнгэрийн галтай өдөр гал алдах нь амархан гэдэг.
-Галын хайчийг тэнгэр өөд буюу хоймор өөд харуулан гозгонуулах цээртэй. Хөөтэй шилээвэр гэж үздэг.Хөөтэй шилээврийн цээр мөн адил.

Удган/шанш/ модны цээр


-Шанш модны дээр гарч тоглох /хүүхэд/ цээртэй.
-Шанш модыг огтлох, сүүдэрт нь наадах тоглох, мөчрийг хугалах цээртэй.
-Охид хүүхнүүд шанш модны дэргэд очих цээртэй.
-Өндөр газар ургасан ганц модыг огтлох цавчихыг цээрлэнэ. Насандаа ганц бие, гон бие явна.
-Утас алгадах, дээс томоход дээс утсан доогуур шурган гардаггүй.Өвчин тусна.

Усны цээр


-Зун нар буцахаас өмнө урсгал усанд орохыг цээрлэнэ. Усны хор гараагүй цагт усанд орвол өвчин олно, өрөөл татанхай болно гэдэг.
-Зуны халуун өдөр худаг, булгийн хүйтэн усаар толгойгоо угаах, толгой дээрээ цочмог асгахыг цээрлэнэ. Цус царцан өвчин олно гэх буюу ухаан балартан үхэдхийнэ гэдэг.
-Урсгал ус, нуур, цөөрөм рүү морь харахыг цээрлэнэ. Ус унд бузарлана, лус хилэгнүүлнэ гэнэ.
-Ус дамнаад гэрт орохыг цээрлэнэ. Заавал дамнуур модоо гадаа орхино.Зөрчвөөс ус уух хоногийн тоо хорогдоно гэнэ.
-Ус түлээ хоёрыг хамт авч ирэхийг цээрлэнэ. Талийгаачийг оршуулахад ус, түлээ хоёрыг хамт авчрах буюу авч явдаг учир тийнхүү ердийн цагт цээрлэдэг бөлгөө.
-Усанд орсон адууг үргээхийг цээрлэнэ. Зөрчвөөс адуу мал хулжина, удаан хугацаагаар дутаана, дайжина гэнэ.
-Үдээс хойш ус авахыг цээрлэнэ. Учир нь худаг, булгийн ус өглөө эрт тунгалаг, элбэг устай байдаг тул унд, хоолны усаа заавал өглөө эрт авдаг. Хөөтэй тогоогоор худаг уснаас ус авахыг цээрлэнэ. Лусын эзнийг галтай харшуулсан нүгэл болох тул хүн малд аюул сүйрэл учирна гэдэг.
-Үүдээр ус цацах, асгахыг цээрлэнэ. Эс цээрлэвээс үүдэн сахиусаа ус, угаадсаар сүрчсэнтэй адил гэнэ.
-Урсгал усанд алив юм хамаагүй угаахыг цээрлэнэ. Хэрэв угаах бол сав суулгаар уснаас нь утган авч хол очиж угаана. Зөрчвөөс лус хилэгнүүлнэ, унд ус бузарлана гэнэ.
-Эр хүн нохойн толгой уруу ус цацахыг цээрлэнэ. Зөрчвөөс гай гамшиг даллана, сүлд хийморь доройтно гэнэ.Хүмүүс анх уулзахдаа хар ус ууж танилцахыг цээрлэнэ. Муу ёр.
-Гурван цагаан нуугдлын хугацаанд усанд орох цээртэй.
-Намрын уур орсон өдөр усанд орж угаалга хийхийг цээрлэнэ. Цагаан мяраа өвчин олно.
-Хар ус самрахыг цээрлэнэ. Хараалын дом усыг алт мөнгөн саваар утгадаггүй, цээртэй
-Ус руу шээх хориотой байв. "Ус руу шээснийг цаазаар аваачмуй" /Их засаг/
-Хар ус дээш цацах, хар ус самрах, хар ус харамлах цээртэй
-Шанагыг буруу харуулж зочин хүнд цай будаа өгөх цээртэй. Золигт гаргах хүнд тэгдэг.
-Хуурай худаг руу өнгийхийг цээрлэнэ.
-Хаврын уур орсон өдөр мал услахыг цээрлэнэ.
-Ус авч яваа хүн замд тааралдвал уснаас нь амсаад явна. Сайны бэлгэдэл юм.-Хоосон савтай болвол муу ёр гэнэ.

Ангын цээр


Эрт үеийн хүмүүс дан ганц ан агнаж амин зуулгаа залгуулж аж төрөн амьдардаг байжээ. Гэхдээ анчид нь маш их ёс зүйтэй байгаль орчноо хайрлан уул усандаа сүсэглэн залбирч лус савдагийг аргадан үглэн дуулж зөвхөн өөрсдийн үр хүүхдээ тэжээх, амин зуулгаа залгуулахын тухайд ан гөрөө хийдэг байсан байна. Тэд байгаль дэлхий ан амьтнаа арван хуруу шигээ мэддэг ахмад буурлууд нь залуу үедээ заан сургаж зөвхөн өөрсдийн хэрэгцээнийхээ хирээр ангын хишиг хүртдэг ёс жудагтай байжээ. Тэгэхдээ дараах үндсэн зарчмыг барьдаг байжээ.
-Үржилгийн үед нь ан агнахыг хориглоно. Тоо толгой нь хорогдож мөхөж устахаас сэргийлж буй хэрэг.
-Амьтныг шархдуулж зовоохыг хатуу цээрлэнэ. Амьтан зовоосон үйлээ өөрийн биеэр эдлэх болно гэж үздэг.
-Ангын сүргээс эх үрийн аль алиныг агнахыг хатуу хориглоно. Цагаан сүүтэй амьтныг агнаж улаан цустай холилдуулвал эр хүний аз хийморь доройтож, ангын хишиг харьж, ахуй амьдралд гай барцад тохиолдоно гэж ихэд цээрлэдэг уламжлалтай.
-Сүргийн манлайг агнадаггүй. Лус савдагийн сүрэг учраас хилэгнэж өвчин зовлон гарна гэж үздэг.
-Зөвхөн өөрийн амин зуулгаас ангид ашиг хонжоо олох зорилгоор агнахыг цээрлэнэ. Манай ард түмний дунд тарвага алаад баяждаггүй гэсэн үг байдаг. Энэ нь ан амьтнаа хоморголон агнахаас сэргийлж буй ардын ухаан гэлтэй.
-Тогоруу шувууг агнахыг ихээр цээрлэдэг. Тогоруу шувуу ган дөрөө сэтэртэл хараадаг гэдэг. Ер нь шувуу агнахыг төдийлөн ойшоож үздэггүй. Ялангуяа усны шувууд нь хань ижилдээ үнэнч хагацуулваас орь ганцаар шаналан зовж гашууддаг тул тэр үйлийг өөрөө амсах болно гэж манай нүнжигт өвөг дээдэс захидаг.
-Аливаа амьтныг үс ноос нь гүйцээгүй, тарга тэвээргээ гүйцэд аваагүй үед нь агнахыг хориглоно.Амины гарз үйл лайны нэмэр гэж үздэг.
-Бууны амыг дээш харуулж үүрэхийг цээрлэнэ. Тэнгэр хилэгнэнэ.
-Цэнэгтэй буу гадаа гэрт тавихыг цээрлэнэ. Сум алдаж осол аваар гарахаас сэргийлж буй явдал юм.

7-р сар. 28, 2017, 3:57 p.m.

Бусад мэдээ