×

Бид газар зардаггүй, сэтгэлээ зарцуулдаг

Published: 7 жил, 3 сар өмнө

Улаанбаатар хотод буяны үйлчилгээ явуулдагбайгууллагуудын үнэ тариф өндөр, бизнесийн зорилгоориргэдийг хохироож байгаа гэхутга агуулга бүхий мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болов. Энэ талаар Монголын буяны зан үйлийн холбооны тэргүүн, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Г.Идэрмаатай ярилцлаа.

-Буяны үйлчилгээ эрхэлдэг “Улаанбаатар Буян” компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээллүүд гарах боллоо. Ярилцлагын эхэнд ямар учраас, яагаад ийм мэдээлэл гарах болов гэдэгт таны байр суурийг сонирхоё?

-Он солигдох мөч ойртлоо. Хүн болгон хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд юу хийх вэ гэдгээ өөдрөгөөр харж сэтгэж байна. Гацуур модод гоёл чимгээ зүүж, хүн болгон баярын уур амьсгалд умбаж байгаа ийм үед оршуулгын зан үйлийг зөв буруу, үнэтэй үнэгүй, хэдэн хүнд хамааралтай бизнес гэхчлэн бараан мэдээллээр нийгмийг түгшээж байгаа нь харамсалтай байна. Нөгөө талаас энэ мэдээллийг эртнээс бэлдэж, зохион байгуулалттай тарааж байна уу гэж илт харагдахаар байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш ийм мэдээлэл тодорхой хугацааны давтамжтайгаар явж эхэлсэн. Өнөөдөр уул уурхай, байгаль орчин, утаа тоосноос өгсүүлээд монгол хүн, тэр тусмаа нийслэлд амьдарч байгаа хүмүүст сэтгэл зовних асуудал олон бий. Тэгвэл түүн дээр оршуулгатай холбоотой асуудлыг нэмж хүмүүсийн сэтгэлийг зовоох шаардлага хэнд гарсан юм бол гэж гайхаж сууна. “Улаанбаатар Буян” компани байгуулагдаад 12 жил болж байна. Энэ хугацаанд 20 мянга гаруй бурхан болоочийн ар гэрт үйлчилгээ үзүүлж иржээ. Хамгийн багаар бодоход нэг хүний ард хэдэн хүн байгаа билээ. Тэд ийм ташаа мэдээлэл сонсоод шөнө нойртой хонож чадах уу, үгүй юу. Нөгөө талаас өөд болоочдынхоо ясыг бүү өндөлзүүл гэж монголчууд ярьдаг. Энэ бүхнийг бодолцож бид удаан хугацаанд тэвчээр зааж дуугүй байсан. Гэтэл хэрээс хэтэрсэн, илт гуйвуулсан мэдээ, мэдээлэл тасрахгүй гарч байна. Дахиад ч бас олон хүний сэтгэлийг донсолгосон цуурхалууд явж байгаа учраас тайлбар өгч, байр сууриа илэрхийлье гэж бодож байсан юм. Танай сониноос зорьж ирээд асууж байгаа учраас асуултад хариулъя. Мэдээлэл гарснаас хойш телевизийнхэн байнга ирж бидний байр суурийг авч байгаа. Бид аль болох бодитой мэдээллийг ил тод нээлттэй хүргэхийг зорьж ирсэн. Өнөөдрийн хувьд энэ талаар нийгмийн сэтгэлзүйг эмзэглүүлсэн худал мэдээллээр тархи угааж байгаад дахин харамсаж байгаагаа илэрхийлье.

Би 10-аад жилийн өмнөөс “Улаанбаатар Буян” компани, буяны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг бий болгох гэж зүтгэсэн юм. Ингэхдээ бичиг баримт бүрдүүлэх, газрын зөвшөөрлийг нь авах, тоног төхөөрөмж оруулж ирэх, энэхүү үйлчилгээг ямар хэм хэмжээнд эрхэлдэг юм байна, ямар ёс зүй, зан заншлыг баримталдаг вэ, ямар нөхцлийг бүрдүүлж байж ар гэрийнхэнд нь тайвшрал ухаарлыг олгох вэ гэдэгт зургаан жилийн турш судалгаа хийсэн. Түүний дүнд энэ үйлчилгээг түмэн олондоо хүргэж яваа. Уг үйлчилгээ үзүүлснээрээ бид хөрсний болон агаарын бохирдолд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгаж чадсан. Бид арав гаруй жил ажиллахдаа Улаанбаатар хотыг тойрсон оршуулгын газар 300-400 га-гаар нэмэгдэх боломжийг хязгаарлаж чадсан юм. Тэгвэл хэвлэлээр явж байгаа мэдээлэлд тус байгууллагын ололт дэвшилттэй үйл ажиллагааны талаас нь дурдахыг ч хүсэхгүй, хэт нэг талыг барьсан мэдээллийг зохион байгуулалттай түгээж байна.

-Гарч байгаа мэдээллүүдийг харж байхад буяны үйлчилгээ бизнес болж хэдхэн хүний гарт орсон, үнэ тариф өндөр учраас иргэдэд хүнд тусч байна гэсэн байсан. Бас энэ асуудлаархэвлэлийн хурал хийсэн нэр бүхий иргэд тэгж шүүмжилжбайгаа шүү дээ?

-Манай компани оршуулгын нийт 6 нэр төрлийн үйлчилгээнээс 40 гаруй төрлийн бүтээгдхүүн үйлчилгээг санал болгодог. Эдгээрийн үнийн дүн нь 600 мянгаас арван гурван сая төгрөг хүртэл хэлбэлзэлтэй байгаа. Ямар үйлчилгээг сонгох нь тухайн үйлчлүүлэгчийн асуудал. Ямар үнэтэй үйлчилгээ авч байгаагаас шалтгаалж үнэ тариф нь өөр өөр байх нь тодорхой. Бид нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээсээ амьдралын боломжгүй, өнчин, нэн ядуу, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй гэх зэрэг баг хорооноос тодорхойлолт авчирсан тохиолдолд үйлчилгээний үнийн дүнг 50 хүртэл хувь бууруулах, зарим тохиолдолд огт харж хандах хүнгүй, нэн ядуу хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлэх хүртэл арга хэмжээг авдаг. Илт гуйвуулсан мэдээлэл цацаж байгаа хүмүүсийн хэлж буй хамгийн өндөр үнэтэй гээд байгаа үйлчилгээг тэр болгон хүмүүс аваад байдаггүй.Статистик үзүүлэлтээр бол нийт үзүүлж буй үйлчилгээний тав орчим хувь нь өндөр үнэтэй үйлчилгээг авдаг. Үнэ тариф өөр байдаг боловч өнөөдөр нүдэнд харагдаж байгаа үнэлгээ үнэтэй мэт харагдаж байгаа тал байдаг байх. Тухайн хүмүүс зөвхөн аль үйлчилгээг сонгож байгаагаас шалтгаалдаг. Жишээ нь, суварга гэхэд томоохон хэмжээний чулуун хийцтэй бол өндөр үнэтэй харагдаж байгаа. Чулуугаар жижигхэн хөшөө босгоход үнэ нь бага байдаг. Энэ бол нэг талаас нүдэнд харагдах үнэлгээ. Харин бидний зүгээс үзүүлж байгаа сэтгэлд харин өндөр, нам гэсэн үнэлгээ байдаггүй. Ижий, аавдаа үзүүлж буй хүндэтгэл, эхнэр, нөхрөө алдчихаад зогсч буй залуу хүмүүс, үр хүүхдээ алдсан эцэг, эхчүүдэд үзүүлж буй бидний сэтгэлд үнэлгээ байхгүй. Үүрийн дөрвөн цагаас үдшийн бүрий хүртэл манайхан байнга тасралтгүй ажиллаж байгаа. Нийтдээ 300 ажилчин тэнд зогсч цаг наргүй ажилладаг. Хүн болгон хариуцсан газар, обьект дээр хариуцлагатай зогсч байж энэ үйлчилгээг бид сэтгэл зүрхнээсээ хийдэг. Хариуцлагатай, хүлээцтэй, хянамгай байхзарчим бидэнд үйлчилдэг. Бид оршуулгын үеэр болон дараах буян номын ажил, бурхан болоочийн хойдын буян, даатгалын ажлыг давхар хийдэг. Монголчууд хэлдэг дээ “Эцэг, эхээ сайхан нутаглуулсан хүний үр сад сайхан явдаг юм гэнэ лээ” гэж. Тэгвэл бидний үйлчилгээндээ баримталж буй бодлого бол ирсэн үйлчилгээ болгонд сэтгэл зүрхээ зориулдаг, тэгж үйлчилдэг. Ирсэн үйлчилгээ болгонд бид сэтгэл зүрхээ зориулвал, монгол хүн, айл өрх болгон сайхан байх юм гэж бодож үйлчилдэг. Түүнээс биш янз бүрийн сөрөг мэдээлэл тарааж байгаа хүмүүсийнх шиг өнгө мөнгөөр бодож ажлаа явуулдаггүй.

Энд төдийлэн хөндөгдөн ярьдаггүй нэг зардлын талаар тодруулж асуумаар байна. Энэ нь бурхан болоочийг нутаглуулсны дараах бүхий лзардлыг танайх хариуцдаг. Гэтэл энэ талаар танай зүгээс төдийлэн олон нийтэд тайлбарлаад байдаггүй шүү дээ...

-Ер нь аливаа үйл ажиллагаа явуулахад тооцоо судалгаанд суурилсан олон улсын санхүүгийн тооцооллын аргачлал байдаг. Одоогийн үзүүлж буй багц үйлчилгээ үзүүлэх үе болон дор хаяхад оршуулгын дараах 50-60 жилийн арчилгаа, тордолгоо, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, харуул хамгаалалтанд гарах зардлыг бид урьдчилан тооцон гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн оршуулгын үйл ажиллагааны дараа гарах бүхий л зардлыг манайх хариуцдаг. Бидний тооцооллоор оршуулгын дараах 60 жилийн хугацааны төлбөр үйлчилгээний багцад давхар орсон байдгийг иргэд төдийлэн анзаарахгүй өнгөрдөг тал бий гэж хардаг. Үүнд ажилчдын цалин, шатахуун, цахилгаан, цэцэрлэгжүүлэлт, үрсэлгээ, усалгаа, цэцэрлэгжүүлэлт, мод бут сөөг тарих, хөшөөний нэрийг жил бүр тодруулж сэргээх, тоос шороог тогтмол арчиж тордох, ар гэрт нь мэдээлэх, газрын төлбөр зэрэгт зарцуулагдах учиртай. Энэ бүхнийг олон улсын санхүүгийн аргачлалаар тооцоход нэлээд өндөр зардал гарах тооцоо байдаг хэдий ч Монголчуудынхаа эдийн засгийн чадавхи, нөхцөл бололцоонд суурилааджаран жилийн хугацаанд гарах зардлын дөнгөж 10 хувийн зардлыг л үйлчилгээний багцын үнэд шингээж тооцдог.

-Бас нэг шүүмжлэл бол шарил оршоох нүхнүүдийг эртнээс зэхэж байгаа нь муу ёр дуудаж байна гэсэн байгаа.Зүй бус үхэл гарах болсон нь үүнээс боллоо гэж үзэх хүн ч бас байна?

-Асуудлыг хөндөж байгаа бол бодит мэдээллийг олон түмэнд хүргэх ёстой. Тухайлбал, манай үйлчилгээний талаар мэдээлж байгаа бол цэцэрлэгт хүрээлэнгийн маань газрыг үзүүлж байгаад ярьж, хэлж байгаа зүйлүүдээ хүргэвэл зөв байгаа юм. Гэтэл манайд огтхон ч хамаагүй “Далан давхар”, “Өлзийт” гэхчлэн харуул, хамгаалалтгүй, ямар нэгэн арчилгаа, тордолгоо байхгүй газруудын зургийг харуулж байгаад манай үйлчилгээг яриад байх юм. Сэтгүүлчид мэдээллээ судалж сайн нягтлах хэрэгтэй. Тиймээс үнэнд нийцэхгүй, шударга бус гэж бодож байна.

Харин энд нэг зүйлийг хэлэхэд манайх өвлийн улиралд үйлчилгээгээ түргэн шуурхай байлгах үүднээс, газар хөлдсөн амаргүй цагт тодорхой хэмжээний нүхийг ухаж бэлтгэдэг нь нэлээд шүүмжлэл хүлээж байгаа. Тиймээс бид энэ байдалд дүгнэлт хийж, нүх бэлдэх үйлчилгээг багасгая гэж байгаа. Өвлийн хүйтэнд олон хүний үйлчилгээг зэрэг хийнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид нүх ухаж бэлдэж байгаа гэдэгт өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж байгаа. Ирэх жилээс энэ асуудлыг зохистойгоор шийдвэрлэнэ гэж үзэж байна.

-Шарил оршоож буй газрыг тэгшлэхэд техник ашиладаг юм байна. Тэр нь ёс зүйд нийцэхгүй, хүндэтгэлгүй байна гэсэн шүүмжлэл бас байна. Техникээр газрыг тэгшлэхэд доорбайгаа шарилын хайрцаг эвдрэх юм уу, зүй бус зүйл гарахгүй юу?

- Хүмүүс мэдэж байгаа байх, шарил оршоосон газрын хөрсийг аль болох нягтаршуулан чигжиж, хулгана, зурам оруулахгүй байлгахад анхаардаг. Хичнээн нягтаршуулсан ч тодорхой хугацааны дараа суулт өгөх, бороо усанд хөрс эвдрэх нь бий. Тиймээс манай компани нягтаршуулах ажлыг техникийн туслалцаатай хийж, хөрсийг үрсжүүлж зүлэгжүүлэх, арчилгааны ажлыг хийдэг. Бид энэ үйлчилгээг үзүүлэхдээ шарил оршоосон газрыг бүтэн жарны турш харж хамгаална, ариун дагшин байлгана, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна, бүтэн гэрэлтүүлэгтэй байна, цэцэг зүлэг тарина, хөшөө дурсгал дээрх нэр, бичээсийг тодруулж сэргээж байна, харуул хамгаалалттай байлгана гэсэн үүрэг хүлээж хийдэг. Тиймээс хулгана, зурам орчихгүй, үүрлэчихгүй, бороо ус орж муутгахгүй бүх нөхцлийг хангаж өгдөг. Зөвхөн 50 жилээр тооцоолоод үзэхэд нэг шарилыг харж хамгаалж, арчилж тордоход гарах зардал бидний тооцоолсноор 18.7 сая төгрөг гарна гэсэн судалгааг бид хийсэн. Гэхдээ би дахин хэлье, өнөөдрийн нөхцөлд ийм хэмжээний төлбөр, тооцоог иргэдээс авдаггүй. Ер нь хамгийн багаар тооцон үйлчилдэг. Ер нь бол оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг бид гардан хийж байгаа. Тийм учраас оршуулгын газар гэхээсээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон олон улсын жишигт хүргэхээр эрмэлзэж байгаа юм.

-Эцэст нь нэг асуулт байна, танайхыг газар зардаг гээд л шуугиад байх юм...

-Бид газар зардаггүй, харин сэтгэлээ зарцуулан ажилладаг. Харин газрын үйлчилгээний төлбөр болох 20 мянган төгрөг гэж бол бий.

Байгууллагын нэр төрийг гутаах төдийгүй манайхаар үйлчлүүлсэн өргөн олон монголчуудын сэтгэл санааг зохион байгуулалттай, санаатайгаар үймүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, нэр бүхий сэтгүүлчид, хувь хүмүүсийг бид хуулийн байгууллагад өгч, үнэн мөнөө олно гэдэгт найдаж байна. Энэ бол зөвхөн манай байгууллага, хамт олны нэр төрийн асуудал биш. Манайхаар үйлчлүүлсэн мянга мянган монгол хүмүүсийн нэр төр, сэтгэл санааны хохирлын асуудлыг бид давхар хөндөн тавих болно. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Бусад мэдээ