×

Бид дэлхийн хөгжлийн түүчээ - VII cеминар

Published: 5 жил өмнө

Улаанбаатар буян” ХХК-иас “Бид дэлхийн хөгжлийн түүчээ” семинарыг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Бид 2011 оноос эхлэн компанийнхаа үйл ажиллагаанд олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS18001 стандартуудыг амжилттай нэвтрүүлж олон улсын түвшинд хүрсэн. Семинарын зорилго нь хуримтлуулсан мэдлэг туршлагаа бусдадаа таниулах, манлайлахад чиглэжээ.

Энэ удаагийн арга хэмжээнд БОАЖЯ, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, оршуулгын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Арга хэмжээний үеэр “Улаанбаатар буян” компани Монголын мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоонд гишүүнээр элсэх, Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлснээр экологид ээлтэй, цэвэр, аюулгүй орчин бүрдүүлнэ. Тиймээс “Улаанбаатар буян” ХХК 2010 онд гараагаа эхэлж, 2012 онд олон улсын стандартын байгууллагаас аудит хийж цаашид олон улсын стандартын шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах эхлэлээ зөв тавьсан гэж үзээд анх батламжилж эхэлсэн юм. Үүнээс хойш жил бүр олон улсын стандартын байгууллагаас тогтмол аудит хийж батламжилж гэрчилгээ олгож байна.

Энэ үеэр Стандарт хэмжилзүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний газрын дарга Г. Өнөржаргалаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, “Манай улсын хэмжээнд зайлшгүй хөндөх, цаашид шийдвэрлэвэл зохих сэдэв хөндсөн арга хэмжээ болж байна. Үйлчилгээний тэр тусмаа оршуулгын үйлчилгээний байгууллага үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг хэрэгжүүлээд зогсохгүй өөрсдийн туршлагыг бусад ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад сурталчлан таниулж байгаа нь чухал.

Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, газар зохион байгуулалт гээд олон асуудал тулгамдаж байдаг. Тиймээс хамгийн оновчтой шийдэл нь оршуулгын үйл ажиллагаанд уламжлалт зан заншил, дэг жаяг, олон улсын жишигт нийцүүлсэн үндэсний стандартыг бий болгон нийтээр дагаж мөрдөх явдал юм” гэлээ.

Бусад мэдээ