×

​ГЭРИЙН ХҮМҮҮЖИЛ

Published: 5 жил, 9 сар өмнө

Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай. Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах. Үнэнч шударга байх, аав ээж, лам багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжисаар иржээ.

Гэрийн хүмүүжил насны заагаар дөрвөн үетэй: нялхаас – 4 нас, 5 наснаас 12 нас, 12 наснаас 17 нас. Үе тус бүрт хийж сурах ажил, эзэмших хэвшил, олгох хүмүүжил гэсэн чиглэлтэй байв. Тухайлбал: 4 – 5 насанд морь унуулж, ишиг хурга эргүүлж, ойр зуурын юм дөхүүлж өгч сургадаг. Эрэгтэй хүүхдийг 5 – 6 насанд нум сум хийж өгч харвуулж сургаад 12 наснаас нь цэгц онолтойг тогтоолгож, 13 наснаас жил бүр цуглуулан шүүлэг авдаг байв.

Монголчууд үр хүүхдээ балчир багаас нь, өөрөөр хэлбэл, хөлд орохоос нь эхлэн гаднаас 1 – 2 ширхэг аргал оруулах, аяга шаазан дөхүүлэх, улмаар 4 – 5 насанд хүрэхээр нь гэр ахуй, мал аж ахуйн ажилд сургах, тухайлбал, таван хушуу малд хайртай, хөдөлмөрч болгон мал сүргийн ашиг шимийг дээдлэн сургахын хамт нутаг усныхаа ахмад хүмүүсийг хүндлэх хэв ёсноос зааж, гэр бүлийн хүмүүжлийг олгодог заншилтай байжээ.

Өөдлөхөд санаж сэтгэх,

Уруудахад унтаж идэх,

Эрт босоход нэгийг харж

Орой унтаж нэгийг сонсдог юм

гэх зэргээр үр хүүхдүүдээ сургадаг байсан нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх, хөдөлмөрч, аж ахуйч болгохоор чиглэгдэж байсан ардын сурган хүмүүжүүлэх мэдлэг, ухааны гол үндэс нь юм.

Монголчууд 4 (5) – 12 насыг <бага нас> гэж үзээд энэ наснаас нь хүүхдэд зүүн гарыг <солгой гар>, баруун гарыг <зөв гар> хэмээн ажил хөдөлмөр хийлгэж сургах, хурга, ишиг, тугал хариулуулах, аргал хомоол түүлгэх зэргээр гэрт гадаах ажил үйлд сургаж 6 – 7 наснаас морь унуулж, адуу мал зүслэн таниулах, улмаар адуу, үхэр, хонь, ямаа хариулдаг болгодог байна. Мөн энэ наснаас бүстэй, бүсгүй хүүхдийн хүмүүжил хийх ажил төрөлд ялгавар гарч, бүстэй хүүхэд эцэг, ах нарын хамт адуу мал хариулах, манах, хурдан морь унах, сойх, нум сум харвах, ан агнах, аян жинд явалцах зэрэгт сурдаг бол бүсгүй хүүхэд эх, эгч нарын дэргэд үйл оёх, хоол унд хийж, цагаан идээ боловсруулах, бэлтгэх, мал саах гэх мэт гэр ахуйн ажилд сурдаг нь үеэс үед уламжлал болон тогтсон байна. Мөн хүүхдээ хүмүүжүүлэн сургаж ирсэн заншил ёс горимд хөвгүүд, охидыг балчир наснаас нь хүн авгайлах, хүндэтгэх, хүний мэнд асуух ёсонд сургах, амьдрал ахуйн уламжлалт, бэл дэлт тоглоом наадам дуу хуур, үлгэр оньсого зааж, өдөр гариг, сар, жилийг 12 амьтнаар нэрлэх, жилийн дөрвөн улирал, дэлхий ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис, нутаг, орны уул, ус, ургамал, баялаг, ан гөрөөс зэргээс таниулан зааж сургах гэрийн сургамж, сурган хүмүүжүүлэх арвин их хэв заншилт ёс горимтой болоод зогсохгүй, бичиг үсэгт сургаж байжээ.

Эх нь охиноо утас зүү бариулж, оёдол үйлд сургахдаа эхлэн <хөвөрдөх> оёо сургаад, хөшөлдүүлэх, шаглах оёдол, оймсны ул, гутлын зулаг оёх ажилд сургадаг байв. Ийм уламжлалтай учир монголчуудын бэр сонгох ёсонд айлын охины оёдол үйлийн чадварыг харгалзан үздэг нь зүй бус ажээ.

Монголчуудын айл өрхийн гэрийн доторхи хүмүүжил маш дэг журамтай байв. Энэ дэг ёс, ёс горим нь хатуу хэрцгий биш, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ их эелдэг сайхан харилцаатай <миний хүү>, <миний охин> хэмээн дуудаж, тэднийг өрх гэрийнхэн, ахмад хүний үгс, сургамжийг сонсч, хүндэлдэг болон нийгмийн хэв журмыг дагадаг үзлээр хүмүүжүүлдэг ажээ. Тиймээс өрх гэрт хүүхдүүдийн дагаж мөрдөх ёс горим, дээр хорио цөөнгүй байжээ.

Гэрт хүн зочлон ирэхэд хүүхдүүд шуугих, гүйлдэх, хүний ярианд оролцох, чагнах эл бүгд хатуу хориотой хэвшжээ.

Хүүхдүүд эцэг эхийн хэлсэн захисан сургамж, заалтыг ёсчлон гүйцэтгэдэг байв. Эцэг, эхийн хувааж өгсөн хоол, ундыг идэж уух бөгөөд бүсгүй, бүстэй хүүхдэд идүүлэх, идүүлэхгүй хоол, ундны цээрлэж ирсэн ёс горим мөн уламжлагдаж байлаа. Жишээлбэл, эцэг эх хонины чанасан толгойг хуваахдаа тагнайг <хавтаг сайхан хуниарай!>, <уран болоорой!> гэж охиндоо өгдөг байхад бүстэй хүүхдэд толгойн баатар хуйх, нойр, түгшүүр идүүлэхгүй цээрлэдэг байжээ.

Хоол унд, бүхэл махан зоогтой холбоотой элдэв бэлэгдэл, цээр хорио нь бүгд монголчуудын эрхлэн ирсэн аж ахуй болох мал аж ахуйтай нягт уялдаатай байна. Тухайлбал, бүстэй хүүхдэд <түгшүүр> идүүлэхгүй заншсан нь унасан морь нь <түгшинэ> (чөдөртөө тээглэж үхэх, осолдох) гэсэн цээрлэсэн утгатай холбоотой аж.

Манай ард түмэн эртнээс нааш хөдөлмөрийг эрхэмлэн үзэж үр хүүхдээ балчир бага наснаас нь эхлэн ажилч хичээнгүй, даруу төлөв, нийгмийн ёс журмыг хүндэтгэн дагадаг сахилга баттай шударга сайн хүн болгохын төлөө сэтгэлээ тавьж <Эрхийг сурахаар бэрхийг сур> гэж аав ээж, ах эгч нараас эхлэн айл аймгийн жирийн хүмүүс хүртэл уйгагүй хэлж сургадаг сайхан заншилтай байжээ.

Бусад мэдээ