×

"Далан давхар"-ын оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажил эхэллээ

Published: 2 жил, 2 сар өмнө


Бурхан бологсдыг дурсах өдөр дэлхийн улс үндэстэн бүр өөрийн орны оршуулгын ёс уламжлал, соёлын дагуу хайртай дотнын нэгнээ дурсан хүндэтгэдэг билээ.

Манай улсын хувьд энэ жил Бурхан бологсдын дурсгалыг хүндэтгэх өдрийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Латин Америкийн оршуулгын холбоо (ALPAR) нь 2012 оноос эхлэн Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Бурхан бологсдыг дурсах өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот, 150 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна.

Далд оршуулгын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Нью Семетри ХХК Бурхан бологсдыг дурсах өдөр 2022 өдөрлөгийг Самбалхүндэв буюу Монголчуудын хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газарт 9-р сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Нью Семетри ХХК-ийн хувьд 2022-2025 оны хооронд Төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй 70 давхрын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Самбалхүндэв буюу 70 давхрын оршуулгын газар 73,9 га талбайг эзэлдэг. Үүнээс төслийн хүрээнд 10 га талбайг чөлөөлөх юм. Өнгөрөгч 4-р сард төслийн нээлтийн ажиллагааны үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд шашны зан үйлийг гүйцэтгэсэн байна.


Төслийн талбайд орсон 14323 бурхан бологсдын шарилыг сарын хугацаанд нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар Буян компанийн баруун, зүүн чандарлах төвүүдэд чандарлаж 1 жилийн хугацаанд хадгалах юм. 2023 оны 05-р сард бурхан бологсдын чандар шүтээнийг орчин нөхцөлийг сайжруулан тохижуулсан хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлтэйгээр зална.

Төслийн эхний үе шат төлөвлөсөн хугацаанд иргэдийн дэмжлэг оролцоотойгоор хийгдэж шарил шилжүүлэх ажиллагаа бүрэн дууссан бөгөөд чөлөөлсөн талбайн хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд хийгджээ.

2022 онд зохион байгуулагдаж байгаа Бурхан бологсдыг дурсах өдрийг Самбалхүндэвийн оршуулгын газарт зохион байгуулж байгаа учир нь тус оршуулгын газарт нутаглуулсан бурхан болоочдыг дурсан хүндэтгэх тэдгээрийн ар гэр, төрөл төрөгсөд бурхан болоочийнхоо хойдын буянд буян үйлдэж зулзаган мод тарих, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах төслийн үйл явцыг олон нийтэд танилцуулах ажээ. Энэхүү арга хэмжээгээр уг төслийн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа юм байна. Нийт талбайн 80 орчим хувьд ногоон байгууламжийн ажил хийгдэх бөгөөд 40 гаруй мянган мод, бут төлөвлөгөөний дагуу тарихаар төлөвлөжээ.

Бусад мэдээ