×

​ОВОО ТАХИЛГА

Published: 5 жил, 9 сар өмнө

Овоо тахилга бол монгол туургатны хамгийн түгээмэл зан үйлийн нэг юм. Овоо тахих явдал их эрт цагт бий болжээ. Монгол нутгийн хаагуур ч явсан тахилгын овоо олон дайралдана. Уул хадтай газар чулуугуур, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгоод тахидаг.

Сүрт өндөр уулийн оргил, давааны орой, рашааны эх зэрэг гол газрыг олн овоо босгодог.

Овоо (гол)-ны орчимд 4 зүгийг заасан туслах чанарын олон овоог босгож байв. Тахилгын овоог монгол хүмүүс маш их шүтэж эрхэмлэдэг. Монгол хүн овооны дэргэдүүр шууд өнгөрөх ёсгүй, заавал мориноосоо бууж мөнгө төгрөг тавих, архи , идээ цацах буюу мориныхоо дэл сүүлнээс тасалж овоо дээр уяж тавих, овоонд чулуу нэмэх ёстой ажээ. Бүүр эрт үедээ монголчууд тахилгын овооны дэргэдүүр гарахдаа заавал мөргөдөг байжээ.

Овоо тахих явдал яаж үүссэн юм бэ гэвэл, эрт цагт хүүмүүсийн үйлдвэрлэх хүчний хөгжил сул доройгоос байгаль ертөнцийн ямарваа нэгэн үзэгдлүүдийг ид шид, эзэнтэй гэж ойлгоод тахих явдал бий болсоор эхэлжээ. Тухайлбал монголчууд ган гачиг тохиолдох, мал сүрэг үхэх, өвчин зовлонд нэрвэгдэх явдал цөмөөр ойр орчныхоо газар орны лус савдаг олширсонтой заавал холбоотой гэж ойлгоод ойр орчимдоо аль сүртэй харагдсан газруудаар овоо тахилга, ангийн хэлбэртэй, зөвхөн идээ цагааныхаа дээжийг аваачиж тавьж мөргөөд, бөө, удган нар очиж бөөлдөг байсан байна.

Их төлөв өвс ногоо сайтай үхэр,хонь тарга авсан , тал нутгийн хамгийн сайхан цаг болох 6,7,8 сард овоо тахидаг. Тахилга хийхдээ овоон дээр модон салаа хатгаж, дээр нь өнгө бүрийн бөс буюу цаасанд судар бичиг дүүртэл бичсэн хиур хийсгэдэг.

Доорхи хэдэн зүйл тахилга байдаг.

  • Цусаар тахих. Маллаж байгаа үхэр, морь, хонь ямаагаа нядлаад овооныхоо өмнө тахиж, тэнгэр газар бурхан сахиусны ачийг хариулж байгаагаа илтгэдэг.
  • Цацал өргөх. Саалийн архи , шар тос, шинэ сүүгээ овооныхоо өмнө цацаад, бурхан сахиулсан өршөөхийг даатгадаг.
  • Галын тахилга. Овооныхоо өмнө нэг овоо гал ноцоогоод тахилаа өргөж, тахил таригч нь өөрийн нэрээ айлтгасны дараа бүхэл махаа галд өргөдөг, гал нь хэдий чинээ дүрэлзэнэ төдий чинээ сайн байдаг. Учир нь монголчууд галыг хамгийн ариун бөгөөд ад тайг зайлуулдаг, гэгээн сарын хүч, чадлын билэг тэмдэг гэж үздэг.
  • Хасаар тахих. Хуучин цашт бурхан тахидаг тахилыг хасаар хийдэг байсан гэнэ. Ингэж тахих нь үнэ өртгөөр туйлын их байдаг тул аажмаар уламжлагдахаа байжээ. Гэтэл хойшлох тутам овоо тахихдаа наадам хийж, бөх барилдаж, сур харваж морь уралдах болжээ.

Лам нар овоо тахилыг ихээр эрхэмлэж, өргөмжлүүлэх явдалд улам их дэмжлэн үзүүллээ. Овоо тахилгын үед лам нар ном уншиж байснаар тэдэнд ашигтай байжээ. Сүүлийн үеийн овоо тахилгууд дээр ихэнхдээ лам нар ном уншин байснаас бөө, удган бөөлөх нь тун ховор болжээ.

Овоо тахихад бас л тусгай зан үйл гэж байдаг. Юуны урьд овоог засч чимнэ. Овооны дээр мод хатгаж, хадаг самбай уяж, дөрвөн талд нь сан тавих тавир чулуунуудыг бэлтгэнэ.

Гол зочин бол овооны баруун хойд талыг барьж сууна. Овоо тахилганд ирж байгаа хүмүүс чанасан бүтэн хонины мах, архи, бяслаг, ааруул идээ авч ирнэ. Ингээд овооны дэргэд гал түлж, мах өргөж, цагаан идээ, архи , айраг овоон дээр асгаж мялаадаг ёстой. Дөрвөн талд нь арцаар сан уугиулна. Сангийн тавиурын чулуу нэг зүгт 3х3=9 чулуу байна. Дараа нь бөө, удган нар бөөлөх буюу лам нар ном уншина. Бөөлөг, уншлага дууссаны дараа тахилганд ирсэн хүмүүс мах, идээ цагаагаа хувааж аваад үлдсэнийг нь овоон дээрээ тавьж орхиод тарж явдаг байна.

Бөөгийн мөргөлд овооны онго гэж тусгай онго байдаг. Бөө, удган нар овоо тахиж, бөөлөхдөө юуны урьд овооны онгыг урин дууддаг ажээ. Овооны онго бол бүх онгоны тэргүүн онго байх ёстой гэдэг. Энэ нь овоо тахилга, бөөгийн тахилгын хамгийн гол тахилга байсан гэдгийг харуулж байна.

Овоо нь зөвхөн тахиж шүтэх зориулалттай бус, газар нутгийн тэмдэг, хил хязгаарыг тэмдэглэн тогтооход давхар үүрэг гүйцэтгэж байдаг юм.

Бусад мэдээ