×

Сансарт оршуулах анхны ёслол энэ сард болно

Published: 7 жил өмнө


Талийгаачийн чандарыг сансрын уудамд оршуулах үйлчилгээ үзүүлэх талаараа Америкийн "Elysium space" компани 2015 онд анх мэдээлж, "Од харвах" хэмээн нэрлэсэн үйлчилгээнд хамрагдсан эхний 50 хүнийг дэлхийн тойрог замд Олон улсын сансрын станцад хэдэн сар байлгасны эцэст сансарт гаргана. Энэ төлөвлөгөөгөө 2017 он гэхэд биелүүлнэ гэж онцлон, захиалга авч эхэлсэн. Тухайн үед анхны захиалагч болсон Америкийн армид алба хаагч 30 настай Стивен Женкс хорт хавдраар өөд болсон эхийнхээ чандарыг саран дээр оршуулахаар гэрээ хийж, "Бид ээжийгээ харуулдан сарыг ширтэн амьдрах болно" хэмээсэн байдаг. "Elysium space"-ийг байгуулсан, НАСА-гийн ахмад ажилтан 2013 онд эл үйлчилгээгээ Францискогийн "Astrobotic technology" компанитай хамтран явуулахаар тохирч байжээ. Тэгвэл сансарт чандар илгээх анхны үйл явдал энэ сарын 19-нд тохиох талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ удаа Британийн "Ascension flightsf" компани сансрын оршуулгыг гардан явуулах бөгөөд чандартай бортогыг дэлхийгээс 34000км өндөрт аваачих юм байна. Эл үйл явдлыг бичлэгээр шууд дамжуулна гэжээ. Үйлчилгээний хөлс нь 795 фунт стерлинг байх аж. Алдаа гаргахгүйн тулд амьтны чандрыг бортоголоод сансарт хөөргөж туршсан талаараа ч тэд мэдээлжээ. Харин "Elysium space" компани "Space Х" - ийн тэргүүн Илон Масктай хамтран "Elysium star II" сансрын хөлгөөр талийгаачдын чандрыг энэ оны сүүлчээр дэлхийн тойрог замд хүргэх болсон байна. Тэдний үйлчилгээний доод үнэ 2490 ам.доллар байх гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2017 оны 11 сарын 08-ний дугаар, С4 хуудас, Нийтлэгч : Э.Хана


Бусад мэдээ