×

Сэтгэлийн гэмтэл гэж юу?

Published: 1 жил, 4 сар өмнө

СЭТГЭЛИЙН ГЭМТЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? Сэтгэл заслын эмч: Р.Энхтүвшин



Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүмүүсийн хувьд насан туршдаа үлдэх гэмтлийг авч байдаг юм.  Хэн нэгнээс саллаа гэхэд магадгүй 2 жил шаналдаг. Тэгвэл энэ гэмтэл бол тийм гэмтэл биш. Өөрөөр хэлбэл үүнийг сэтгэл зүйн хувьд сэтгэлийн гэмтэл гэж нэрлэдэг. Тэр сэтгэлийн гэмтэл нь жам ёсоороо нас барсан уу? Хэдэн настай байсан, эсвэл гэнэтийн нас баралт байсан уу? Бага насны хүүхэд байсан уу? Өвчнөөр нас барсан уу? гээд маш олон шалтгаанаас хамаарч байгаа.

Нэгдүгээрт тэр сэтгэлийн гэмтэл  хүнд хэр зэрэг үлдэх вэ гэдэг нь эндээс хамаарч байгаа.

Хоёрдугаарт ”алтан хайрцаг” яаж нээгдэж байгаагаас тэр нь хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлдөг. Магадгүй насны хэмжил болоогүй байж, хугацаанаасаа өмнө өнгөрч эсвэл хугацаа нь гүйцсэн байна гэдэг. Иймэрхүү өгүүлбэрүүдийн цаана эргээд энэ гэмтэл нь тухайн хүнд хэр хүнд тусах вэ? гэдгийн эхлэл болдог.

Ихэнхдээ хайртай дотны хэн нэгнээ алдсан үед хүмүүсийн гаргадаг сэтгэл зүйн хариу урвал бол харамсал байдаг. Тэд дандаа харамсдаг. 100 хувь харамсахгүйгээр хойчийнх нь замд үддэг хүн маш ховор. Бүгд л тодорхой хэмжээгээр харамсаж байдаг. Бүгд л сэтгэл санааны хувьд шаналж зовж байдаг. Тэр үед би тэгээд хэлчихгүй яав даа. Би шал дэмий уурлаж дээ. Би гомдоочихсон байна шүү  дээ. Би очоогүй юм байна. Би тэр үед ингэчихгүй яав даа гэхчилэн дандаа л тэр хүнийхээ араас харамсаж, сэтгэлийн шаналал эдлэж үлдэж хоцордог.

Энэ сэтгэлийн гэмтэл гэдэг зүйлийг бид илүү бодитойгоор харах хэрэгтэй байдаг.

Сэтгэл гэж эрхтэн хүнд байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй болчихоод байгаа юм. Тэгээд энэ эрхтэн чинь бүр гэмтдэг юм байна. Бас хугардаг, шархалдаг юм байна. Энэ сэтгэл гэдэг эрхтэн зүсэгддэг, үрэвсдэг өвддөг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид сэтгэл гэдэг үгийг өдөр тутамдаа маш их ашигладаг. Хайр сэтгэл, халуун сэтгэл, дотно сэтгэл, сэтгэлээрээ байх гэхчилэн сэтгэл гэдэг үгийг ашигладаг мөртлөө энэ идиал юм шиг мөртлөө барьцгүй баригдахгүй хэрнээ өвдөж, шаналж, зовоод байгаа нь бид нарт мэдэгддэг хэр нь бид нар тоохгүй хаячихдаг.

Сэтгэл гэдэг эрхтэн байхгүй юм шиг, юу ч болоогүй юм шиг. Заримдаа чи бүрэн бүтэн байна. Чи зөв зүгээр байна. Гэтэл тэр хүн чинь харин сэтгэл нь өвдчихөөд байгаа,  сэтгэл нь хугарчихаад, сэтгэл нь бүр шаналаад, шархлаад үрэвсээд зарим нь бүр сэтгэл нь хорт хавдар хүртэл болчихоод бугшаад өөрөө өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдсөн байдаг.

Зарим хайртай дотны хүнээ алдсан  шалтгаанаас болж.  Хүссэн хүсээгүй бид энэ сэтгэл гээд эрхтэн өвдөх юм байна. Бид энэ өвдөлтийг тодорхой хэмжээгээр мэдрэх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Сэтгэл гэдэг эрхтэн байгаа юм байна. Өвддөг юм байна. Энэ нь бидний ой санамж, дурсамжид тэр хүнтэй холбоотой бүх зүйл үлдсэн байдаг. Сэтгэлийн гэмтэлд харамсаж, араас нь ихэд харамсаж гашуудаж байвал эсвэл тодорхойгүй байдалд үлдээчихвэл тархинд тодорхойгүй процесс явагдаж байдаг. Тэгвэл тархи гэдэг эрхтэн тодорхойгүй зүйлд маш дургүй эрхтэн. Гэнэтийн нас баралтууд тэр чигээрээ тодорхойгүй байдаг. Хүнийг тодорхойгүй байдалд үлдээчихдэг. Тэгэхээр үлдэж байгаа хүмүүс хамгийн ихээр гэмтэж байгаа. Үлдэж байгаа хүмүүс нь маш их сэтгэлийн дарамтанд орж, сэтгэлийн өвдөлт мэдэрдэг. Энэ өөрөө тодорхойгүй байдал үүсгэхээс гадна тархины таамаглах чадварт зөрчил үүсч эхэлдэг.

Жишээ нь бид хайртай дотны хэн нэгнээ магадгүй ээжийгээ, аавыгаа, хань ижлээ хэзээ ч нас барчихна гэж боддоггүй. Гэтэл тэд гэнэт нас барчихаар таамаглаагүй зүйл биелэлээ олчихоор энэ тархины таамаглах чадварт зөрчил үүсдэг.

Гэтэл урт удаан хугацаанд өвчтэй байсан, харж асарч байсан, тавилан тодорхой нөхцөлд тархи үүнийг урт хугацааны туршид бэлтгэж байдаг юм байна. Харин гэнэтийн нас баралтын үед ямар ч бэлтгэл байхгүйгээр шууд энэ бүхэн болчихдог. Энэ үед тархи үүнийг хүлээн авч чадалгүй самгардаж шоконд орж, энэ үед бүр илүүтэйгээр хүн сэтгэлийн гэмтэл авдаг. Сэтгэл зүйчид үүнийг юу гэж үздэг вэ гэхээр энэ дээр нэг жишээг дурдъя.

Нэг хүүхдийн ээж нас баржээ. Хүмүүсийн хувьд энэ хүүхэд юм  чинь, нас нь бага юм чинь юугаа мэдэхэв гэж төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гэтэл хүүхдийн нас бага байх тусам энэ сэтгэлийн гэмтэлд өртөх магадлал өндөр байдаг. Харьцуулбал 20 настай хүний аав нь нас барах, хоёр настай хүүхдийн аав нас барах хоёрын хооронд асар их ялгаатай бөгөөд аль нь илүү сэтгэлийн гэмтэл  авах вэ гэхээр бага настай байх тусам сэтгэлийн гэмтэл нь хүндээр очдог байна.

Жишээ нь бид нар 3 настайгаас өмнөх үйл явдлаа санадаггүй гэж ярьдаг шүү дээ. Санахгүй байж болох ч үл ухамсарлахуйн хэсэгт тэр мэдээлэл хадгалагдаж байдаг. Нас хэдий чинээ бага байна, энэ үйл явдлыг илүү их хүндээр авч үлддэг. Тийм ч учраас бид хэн дээр илүү их анхаарал хандуулах вэ? гэдэг нь ч хүртэл тодорхой бус байдаг.

Илүү их гэмтэж байгаа  хүмүүс дээрээ илүү их ажиллах ёстой л гэсэн үг юм.

Мөн гэнэтийн нас баралтын үед хүн ямар ч ухамсаргүйгээр шалтгааныг хайж эхэлдэг. Ямар нэгэн шалтгааныг хайсаар байдаг. Зарим хүн энэ шалтгааныг насан туршдаа хайсаар байгаад амьдралаа дуусгадаг. Тодорхой байлгах гээд. Бүр тэрийгээ амьдралынхаа зорилго болгочихсон хүн байдаг. Магадгүй тэр хүнд өөрийгөө буруутгах буруутгал ч байж болох юм. Надаас боллоо доо гэж. Энэ нь түүнд насан туршид өөрийгөө буруутгах шалтгаан болчихдог. Буруу оюун дүгнэлт хийчихээд байна шүү дээ. Би л тэр өдөр ээждээ цай аваачиж өгсөн бол ээж минь харвахгүй байсан даа гэдэг ч юм уу. Гэвч энийг  шинжлэх ухаанаар авч үзвэл төдийлөн ач холбогдолгүй байдаг. Хүмүүс сэтгэлийн гэмтлээсээ болоод буруу оюун дүгнэлт хийж эхэлдэг. Үүнээс үүдэн буруу шийдвэр гаргах,  амьдралаа буруу эргүүлчих ч тохиолдол гардаг. Сэтгэлийн гэмтлээс үүдэлтэй буруу оюун дүгнэлт тэр хүнд үүсчихвэл дараа дараагийн шийдвэр гаргалтанд буруу шийдвэр гаргах магадлал дагаад өсч байдаг. Сэтгэлийн гэмтэл гэдэг ийм том сөрөг нөлөөтэй.


СЭТГЭЛИЙН ГЭМТЭЛ АВЧ БАЙГАА ХҮМҮҮС ЯМАР ХАРИУ УРВАЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Сэтгэлийн гэмтэл янз янзаар илэрч болдог. Нэг хэсэг нь уйлаад, нэг хэсэг нь чив чимээгүй болох нь ч бий. Сэтгэлийн гэмтэлд өртөх магадлалтай хүмүүс нас бага байх тусам өртөх магадлалтай байна гэж бодоорой. Ухамсарт тархи нь бүрэн хөгжөөгүй байдаг тул тодорхойгүй байдал нь л нэмэгдээд байдаг гэсэн үг. Тодорхойгүй байдал нэмэгдсэн учраас хариулт ерөөсөө гарч ирдэггүй. Яагаад?  гэдэг асуултын хариуг олж чадахгүй байна гэдэг маань илүү их гэмтэх магадлалтай байгааг илэрхийлдэг. Тэгвэл энэ үед хүмүүст олон төрлийн  шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа гэнэтийн нас баралтын үед хүмүүс ихэвчлэн шоконд орж хүлээж авдаг. Сэтгэл зүйн шок. Энэ яадаг вэ гэхээр зарим хүн хөшиж, ямар ч хөдөлгөөнгүй болж, зарим нь ямар нэг ухамсаргүйгээр үйлдэл хийж эхэлдэг. Гэнэт орилж хашхирах, уйлах зэргээр илэрч болдог. Зарим нь таг дуугүй болчихдог. Юу ч ярихгүй, юу ч илэрхийлэхгүй өөрийн дотор болж байгаа бүх  зүйлийг ярьж илэрхийлэхгүй амьсгалаа  ч бүрэн  гаргахгүй бөглөчихдөг. Энэ зөвхөн хурц үедээ илэрхийлж буй хариу үйлдэл. Сэтгэлийн гэмтлийн үе шатууд 3 түвшинд илэрдэг. Үүнд:

  • 1- Хурц үед илрэх хариу урвал

Хөших, уйлах, орилж хашхирах, дуугүй болох

  • 2- Хэсэг хугацааны дараа илрэх хариу үйлдэл  

Уй гашуу тохиосон хүнд цаг үеэ давсан ч,  магадгүй жилийн дараа зүүдлээд түүнээсээ үүдэн сэтгэлийн гэмтэл дахин  сэдэрч нойргүй болох ч юм уу шинж тэмдгүүд илэрч болно. Үүнийг сэтгэл зүйд гэмтлийн дараах  хариу урвал гэж нэрлэдэг.

  • 3- Дасан зохицох хямрал

Хүнд хэцүү цаг үеийг давж чадахгүй байгаа хүмүүсийг энэ хэсэгт хамруулж үзнэ. Өөрөөр хэлбэл энэ хэсэг хүмүүс дасан зохицож чадахгүй байна гэсэн үг.
Сэтгэлийн гэмтлийн үед хэд хэдэн янзаар хариу урвал үзүүлж болох юм. Хүчтэй айдас түгшүүр шокийн хариу урвал үзүүлнэ.

Эсэргүүцлийн шинж тэмдгээр илэрч болно. Энэ нь “үгүй ээ ийм юм болохгүй”, “үгүй ээ ийм зүйл болох учиргүй”  гэх мэтчилэн   илэрч болно. Эсвэл оюун бодолд нь яг энэ эсэргүүцлийн хариу урвал нь яваад л байж болно.

  • 4- Сэтгэлээр унах хариу урвал буюу Сэтгэл гутрал

Хүлээн зөвшөөрч чадахгүй явсаар байгаад архи уудаг ч юм уу,  амьдралдаа зөв шийдвэр гаргаж чадахгүй явсаар байгаад амьдралаа орвонгоор нь эргүүлчихсэн ч үе байх жишээтэй. Манайд бол ихэвчлэн эрчүүд сэтгэлийн хат муутай байна гэсэн зүйл яригддаг. Жишээ нь хөгшин нас бараад жилийн дараа өөрөө нас барах тохиолдлууд байдаг. Хүмүүс гайгүй л юм шиг харагдаж байсан гэнэт л араас нь явчихлаа гэж байдаг. Хүн сэтгэл гутралд ороод унах тусам биеийн эд эсүүд дархлаа дагаад л унаж бодисын солилцоо алдагддаг. Ингэж явсаар элдэв өвчин эрсдэлд оруулах нөхцлийг бүрдүүлчихдэг гэсэн санаа юм.

Сэтгэл бөгөөд хүний бие махбодь хоорондоо маш чухал холбоотой эрхтэн. Сэтгэл өвдөөд эхлэхээр бие эрхтэн дагаад муудаж эхэлдэг.

Энэ үеийг бүх хүн давна. Хайртай дотны  хүнээ алдсан хэн ч гэсэн энэ үеийг давна. Энэ бүгдийг даваад хамгийн сүүлийн үе шат буюу хүлээн зөвшөөрөх үетэй тулгардаг. Тэр нь хэдэн жил ч болж магадгүй. Зарим нь хиймлээр хүлээн зөвшөөрүүлдэг илүү хүчтэй. Хэн нэгэн рүү асуудлыг чихдэг шалтгааныг өөр зүйлээс хайх ч юм уу аливаа зүйлийг өөр зүйл рүү чиглүүлэх хандлагатай. Тэгэхээр зарим тохиолдолд бид нөхцөл байдлыг илүү бодьтойгоор хүлээж авах шаардлага гардаг.

Энэ бүх л үе шатыг бид бүгд туулна. Гэхдээ аль болох хурдан давж туулж хүлээн зөвшөөрөх үе шатанд л ирэх ёстой.

Тэгэхээр сэтгэлийн гэмтэд гэдэг энэ зүйл хүний амьдралд, биеийн эрүүл мэндэд маш их хохиролтой зүйл. Өдөр болгон хүмүүс төрдөг үүнтэй адил өдөр болгон хайртай дотны хэн нэгнээ алддаг.

Бидний дараагийн нэг анзаардаггүй зүйл бол ажил явдлын дараа хэн нэгэн шаналаад зовоод нэг хэсэг нь тэднийг аргадаад тайтгаруулах гээд  үр хүүхдүүд нь буяны ажлыг  аль болох сайн сайхан хийх гэж хичээдэг. Тэгвэл бид анзаарахдаа тэр уйлаад байгаа хүнийг хамгийн их зовж байна, хүнд хэцүү байна гэж ойлгодог. Харин тэгвэл тэр хүн эмчилгээ хийгдэж байна гэсэн үг. Өөрийгөө илэрхийлж байна. Гомдсоноо, шаналснаа,  харамссанаа илэрхийлж байна гэдэг бол тэр хүн өөрөө өөртөө эмчилгээ хийж байгаатай адил. Илэрхийлнэ гэдэг бол маш сайн. Харин дотроо чив чимээгүй яваад байгаа бидний энэ их сэтгэлийн тэнхээтэй хүн юм даа гэж байгаа тэр хүн бол илүү их өвддөг. Харин ч илүү шаналдаг. Тэр хүмүүстэйгээ сайн ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүсийг яриулж, илэрхийлүүлж, гаргуулж байх ёстой.

Ажил явдлын эцсийн зорилго бол үлдэж байгаа хүмүүсийн сэтгэлийг аврах зорилготой байдаг. Тэр буяны ажилд оролцох хэрэгтэй. Буян үйлдэх хэрэгтэй. Тэр буяны ажилд оролцсоноор би насан туршдаа өөрийг зэмлэж буруутгаж амьдрахгүй шүү дээ. Тийм ч учраас ажил явдлын үеэр хүмүүс очихдоо хамгийн ойр дотно байсан хүмүүсээс нь энэ болсон явдлын талаар асуухаас эмзэглэж цэрвэж зугтдаг. Эмнэлгийн онош  ямар ч бай тэр хүнийг тэр тухай олон дахин яриул.

Нэг найз маань ээжийгээ алдсан байна гэж бодъё. Тэгвэл би очоод энэ тухай асуух ёстой гэсэн үг. Тэр хүн тэнд ямар нэгэн  ажилтай, магадгүй та нарт үйлчлээд явж байж ч болох юм. Тэгвэл хамгийн их ойр дотно байсан хамгийн их цаг хугацааг хамт өнгөрөөдөг байсан, хамгийн их утсаар  ярьдаг байсан тэр л хүн хамгийн ихээр гэмтэж хоцордог.  Илүү их зовж, илүү их шаналдаг.

Тэр хүмүүстэй бид сайн ярилцаж, бодьтой оюун дүгнэлтийг хийхэд туслах ёстой.

Жишээ нь: Эмч зүрх нь л гэж хэлсэн. Уг нь бол манай хүн чинь харавчихсан  байсан шүү дээ. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр задлан шинжилгээний тал дээр хүмүүс их эмзэглэж хүлээж авдаг. Гэтэл энэ тийм муу зүйл биш харин сайн зүйл. Зарим нэг ойлгомжгүй байгаа олон асуудлыг шийдэж тодорхойгүй байдлаас авардаг. Нэг ёсондоо нас барсан онош тодорхой болдог. Гэтэл манайхны хувьд задлан шинжилгээ хийлгэх дургүй байдаг. Дахиж хөндүүлмээргүй байна гэдэг. Тэгээд тэр үед эмч буруу эмчилгээ хийсэн гэдэг ч юм уу тийм  бодолтой үлдчихдэг.  Тэгээд л түүндээ шаналж тэр үед тэгээгүй байсан бол гэдэг олон бодол тодгойд нь эргэлдэж эхэлдэг.

Гэнэтийн нас баралтууд гэдэг  “ээж өглөөхөн зүгээр гарсан даа”, “ээж өглөөхөн л зүгээр байсан даа” гэтэл яагаад ингээд гэнэтхэн ийм зүйл болчихвоо? Зүрх нь юм болов уу? Цус харавсан юм болов уу гээд ойлгомжгүй байдалтай үлдчихдэг.  Энэ нь яагаад вэ? гэвэл задлан шинжилгээ байхгүй учраас. Тэгэхээр задлан шинжилгээний сайн зүйл нь юу байдаг вэ гэхээр үлдэж байгаа хүмүүст тэр тодорхойгүй байдлыг арилгах, нээрээ ийм юм болов уу? гэдэг хариулт,  мөн тэр хүмүүст эргээд эмчилгээ болж үлддэг.

Тэгэхээр тодорхойгүй байдлыг арилгаж хүлээн зөвшөөрөх хүртэл нь тэр хүнийг сайн яриулж  илэрхийлүүлэх нь эргээд түүнд эмчилгээ болдог. Ярих тусмаа л сэтгэлийн шарх аниж байдаг.

Манайханд сэтгэлийн шархыг хөндөж болохгүй гэдэг буруу ойлголт байдаг. Сэтгэлийн шархыг нь хөндөөд яах вэ гэдэг шалтгаанаар.  Харин сэтгэл заслын эмчилгээнд хамгийн гол нь яриулах байдаг. Яагаад вэ?

 Гэтэл тэр хүний тархинд хэдэн зуун бодлууд эргэлдэж байгаад хамгийн сүүлд өөрийгөө буруутгаад төгсчихсөн байдаг. Гэвч тэр хүний буруу ерөөсөө ч биш байдаг. Тэр хүн насан туршдаа өвдөөд явна гээд бод доо. Үүнийг эдгээх арга бол тэдгээр ярилцлагууд байдаг юм.

Аливаа ажил явдал тодорхой цаг хугацаанд болоод өнгөрдөг. 7 хоног, магадгүй 49  хоногийг хураах өдөр хүртэл. Энэ үед хүмүүс бужигнаад л орж гараад л. Энэ үед бид сэтгэлийн өвдөлтөндөө анхаарч чаддаггүй юм.

Ажил явдал дуусаад яг ганцаараа үлдсэн яг тэр мөчид л тэр хүнтэй  холбоотой бүхий л дурсамжуудыг бодож шаналж эхэлдэг. Тэр тусмаа ханиа алдсан  хүн бол бүр хэцүү. Үр хүүхдээ алдсан хүн бас хэцүү. Яг тэр богинохон хугацаанд л бид ярьдаг. Үүнээс  хойш одоо гайгүй байлгүй дээ гэж. 

Монголчуудад ээлжлэн очиж,  эргэж тойрдог сайхан уламжлал байдаг. Сэтгэл санаа нь хэцүү байгаа байх,  хааяадаа бас эргэж очиж байя гэдэг сайхан сэтгэл байдаг. Энэ бол хамгийн сайн эмчилгээнүүдийн нэг.

Очоод сайхан ярилцаж болж байна. Гэхдээ монголчууд  тэр хүнийг уйлуулахаас цэрвэдэг. Уйлчихаар л хамаг сэтгэлийн гэмтлийг нь хөндчихлөө гээд айгаад байдаг. Зарим үед уйлж ярих нь нэгэн төрлийн эмчилгээ болдог.

Байнга уйлаад тэр нь урт удаан хугацаанд үргэлжлээд байвал тэр үед бид харин мэргэжлийн хүнд хандах ёстой. Мэргэжлийн сэтгэл засалч, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай байдаг. Өөрийгөө буруутгаад,  үүнээс үүдэн дараагийн буруу алхмууд хийгдэх гээд байвал тэр хүмүүс шууд мэргэжлийн хүнд хандах ёстой.

Тэрнээс наана энгийн хийгдэж чадах зүйлүүд бидэнд байна. Хэрэв яг энэнээс болоод шаналаад байгаа бол. Гэвч  зөвхөн энэ үйл явдлаас биш маш олон шалтгаанаас болж шаналж байгаагаа энэ үйл явдалтай хольж ойлгох тохиолдол ч бас бий.

Үүнийгээ хайртай дотны хүн нас барснаар илэрхийлээд байдаг. Гэтэл тэр хүн өөр асуудлаас үүдсэн байх магадлалтай зүйлүүд ч байдаг. Тэгэхээр үүнийг тодорхой болгохын тулд яриулна гэдэг маш сайн эмчилгээний нэг хэсэг.

Дуугүй байх хэн нэгэнтэй ярилцахгүй байх нь тухайн хүн маш их өвдөнө, шаналал мэдэрнэ, маш их зовдог. Хэрвээ шаардлагатай бол өөрийн итгэл үнэмшлээрээ шашны хүмүүст хандах болно. Ямар нэгэн байдлаар л дотор байгаа зүйлийг гадагшлуулж бай. Тэр дотор багахан л зүйл үлдчих юм бол асуудалтай. Юу ч үлдээлгүй шавхаж гаргаарай аль болох.

Бид ч гэсэн нээрээ л тэр хүнд туслах гэж байгаа бол сэтгэлийн шархыг хөндөхөөсөө битгий ай. Харин тэр хүний хувьд ярьж байж, уйлж байж эдгэдэг.

Монголчуудын хувьд “уйлж болохгүй”  гээд хүчээр тэвчүүлэх тал бий. Харин ч тэр үлдэж байгаа хүмүүсийг бид аврах хэрэгтэй шүү дээ.

Бид тэдэнд  тусалж  жаахан ч гэсэн уйлж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Хүн сэтгэл нь өвдөөд шаналаад байхад хүчээр бариад  байх шаардлага байна уу? Яг л нөгөө “эрэгтэй хүн уйлж болдоггүй” гэдэгтэй адилхан зүйл болчихоод байна.

Нас баралтыг хүн болгон байх ёстой зүйл ээ гэж энгийнээр хүлээж авч чадахгүй шүү дээ. Цаг нь болсон байжээ гээд ч хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр л илэрхийлж байх хэрэгтэй. Тэр бол сайн зүйл,  муу зүйл ерөөсөө ч байхгүй. Хэрэв урт хугацаанд үргэлжилсэн бол мэргэжлийн тусламж үйлчилгээ аваад явж байж ч болно. Тэгж байж хүмүүс сэтгэлийн өвдөлт багатай байна.

Сэтгэлийн өвдөлт бол хүнийг байнга л зовоож байдаг. Нэг том шарх болоод үлдчихээд байгаа юм

Заримдаа бид шинэ зүйл хийх хэрэгтэй. Цаашаа бид амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Ханиа алдчихлаа гээд хүүхдүүддээ яриад уйлаад зовоогоод байж болохгүй биз дээ.

Энэн  дээр бид хүүхдүүдийг орхигдуулаад байдаг. Тэгтэл тэр хүүхдүүд дотроо шаналж, сургуульдаа очихдоо хүртэл нулимстай очиж байгаа нь ажиглагддаг. Бид өөрсдийгөө зовж шаналж байна гэхээсээ илүү юун түрүүнд тэдгээр хүүхдүүдэд туслах тэдний сэтгэлийг яавал дээрдүүлэх вэ гэдэг рүү анхаарах хэрэгтэй. Тэдний төлөө илүү хичээх энэ үед давхар би өөрөө эдгэрдэг.  Яг адилхан асуудалтай байгаа хүмүүст очиж туслахад ч би өөрөө дагаад эдгэрдэг. Орчин үед хүнд буян үйлдэнэ гэдэг чинь  зүгээр л хүүхэд нохой хооллох биш. Сайн дурын буяны  ажлууд хийж болно. Энэ явцад хүн өөрөө дагаад эдгэрдэг.

Өнгөрсөнд хийж чадаагүй зүйлээ өнөөдөр би хийж болно шүү дээ. Өнгөрсөн бүх зүйлд харамсах зүйл байгаа хэдий ч түүнийгээ нөхөн  үргэлжлүүлж бид одоо ч хийж болно.

Үхлийн талаар ярихад  хүмүүс дургүйцдэг. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт л нас барна шүү дээ. Гэхдээ миний нас баралт хэн нэгэнд шийтгэл болж, хэн нэгнийг насан туршид нь зовоох сэтгэлийн гэмтэл үлдээж болохгүй биз дээ. Бид нар байгаа цаг хугацаандаа өнөөдөр гэдэг цаг хугацаагаараа амьдарч сурах хэрэгтэй.

Өнгөрсөнд бидэнд харамсах зүйл маш олон байж болно. Гэхдээ бид өнөөдрөөрөө амьдрах шаардлага гарч байгаа. Амьдрал өөрөө дандаа үргэлжлээд л явдаг. Дуусахгүй үргэлжилдэг.

Бид ч гэсэн амьдралын л нэг хэсэг. Хүмүүс биднийг яаж анхаарах бол гэдэг дээр бид санаа зовдог. Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол. Тэрийгээ залгичихсан гэж байна. Энийгээ залгичихсан байна гэж тэрэн дээр хэт их анхаарал тавьж өөрөө өөрийгөө буруутгасан буруутгал дээрээ  нэмээд хүмүүс намайг яаж харах бол доо. Хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг дээр төвлөрөх нь тийм сайн зүйл биш. Харин өнөөдөртөө санаа тавь.

Зарим нь хэтэрхий ирээдүйд санаа тавиад байдаг. Өнгөрсөнд гэдэг нь нөгөө харамсалтайгаа хамт насан туршдаа амьдраад байдаг. Ирээдүйд гэхээр хүмүүс намайг яаж харж байгаа бол, намайг юу гэж байгаа бол,  ирээдүйд би хүнтэй сууж болох юм болов уу? Болохгүй юм болов уу гэж.  Хань ижлээ алдсан хүн ихэнхдээ ийм зовлонд учирдаг шүү дээ. Хүмүүс намайг муухайгаар хэлэх байх гэж. Тэгж амьдрах хэрэггүй. Заримдаа бид өнөөдөртөө амьдрах шаардлага гардаг. Өөрөө өөртөө өнөөдөр. Яагаад гэвэл амьдрал үргэлжилсээр байх болно.

Нэгэнт үргэлжилж байгаа энэ амьдралд бид олдож байгаа аз жаргалынхаа амтыг нь мэдэрч амьдрах нь сайн зүйл.  Амьдрал дуусаагүй шүү дээ.

Өдөр болгон хүмүүс бурхны оронд очиж байна. Гэхдээ үлдсэн бүх хүний амьдрал дууссан гэсэн үг биш.  Бүгд үргэлжлээд явдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би ч гэсэн амьдраад л амьдрал үргэлжилнэ. Миний ард хэн нэгэн амьдраад л үлдэнэ. Заавал үлдэгсэд нь хохироод үлддэг, өөрсдийгөө яллаж буруутгаж амьдарч үлдэх  шаардлага байхгүй. Яагаад гэвэл нас баралт болгоны ард заавал нэг том буруутан гэж байхгүй. Заавал хэн  нэгний  оролцоо байх албагүй. Жишээ нь:  Би ч гэсэн  нас барлаа гэхэд үр хүүхдүүд минь насан туршдаа миний араас харамсаж амьдрах  ёстой биш шүү дээ. Тухайн үед юу ярьж байсан нь чухал ч тэр хүнийхээ эдлэх ёстой амьдралыг хамтад нь эдлээд явах ёстой. Яагаад гэвэл амьдрал үргэлжилсээр байна. Бид нар л өөрсдөө сэтгэлийн шаналалаа удаан үргэлжлүүлээд байдгаас биш сэтгэлийн шаналал дуусч болдог.

Бусад мэдээ