Алтан савны ёс буюу хойдын буянд үйлдэх зан үйл
ШИНЖЭЭ НЭЭХ
Үхэл хэзээ болоогүй ч зуурдын болон зуурдын бус гэж ангилагддаг. Бурхан болоочийн амьсгал хураасан өдөр, цаг, минутыг нарийвчлан тогтоож бусад мэдээллийн хамт шинжээ нээж буй хүнд өгдөг.
Шинжээ нээх буюу алтан сав нээх гэдэг нь бурхан болоочийн хойноос буян үйлдэх буян болон зан үйлийн холбогдолтой бүхий л мэдээллийг нарийвчлан гаргаж хэлнэ гэсэн үг юм. Мөн үлдэгсэдийн засал ном болон ямар бурхан бүтээх, ямар зүгт гаргах, хэзээ шид буух тэргүүтнийг хэлж өгдөг юм.
Одоо үед барилга байгууламжаас болоод зүг чигийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Гэвч бид тухайн хүний гаргаарай гэсэн сайн зүгт зүглэн хэсэг хөдлөөд дараа нь зүгээ өөрчлөн газар руу явж болно гэж ном сударт айлдсан нь зохиолдож буй юм.
ЯС БАРИХ БУЮУ ХӨНДӨХ
Яс барих буюу хөндөхдөө шинжээ нээх үед хэлсэн жил нь таарсан хүн хөндөж барина. Энэ нь бурхан болоочийн 5 мах бод хураагдах үйл явцад харшлахгүй мөн хамаагүй хүмүүс хүрэхгүй хүндэтгэлтэй харилцаж байгаа
зан үйл юм. Мөн таарсан жилтэй хүн ойрын төрөлд байхгүй бол дотны хүмүүсээс нь судар ном бариад судараар биед нь хүрч болдог.
Уг хүн хөндөж барихдаа малгайгаа буруу харуулж өмсөн ханцуй, захаа дотогш нугалан хормойгоо зөрүүлж шуугаад шарилд хүрнэ. Бурхан болоочийг гэрт байрлуулах бол эрэгтэй хүнийг гэрийн баруун талд, эмэгтэй хүнийг гэрийн зүүн талд байрлуулж арслан хэвтэлтээр хэвтүүлнэ.
Арслан хэвтэлт гэдэг нь баруун талаараа хэвтэн гарыг нь дэрлүүлнэ. Энэ нь мах бод зөв хураагдах байрлал юм.
ХОЙДОХЫГ ДААТГАХ
Энэ нь бурхан болоочийн хойноос үйлдэж буй хамгийн чухал буян бөгөөд гэр орон, эд эдлэл, үлдэгсэддээ сэтгэл хорогдохгүй, түргэнээ төрөл авхуулах буянтай үйл юм. Үүнийг даатгуулаагүйн улмаас зуурдын төрөлд гацаж цааш төрөл авч чадахгүй байх учир шалтгаантай юм.
Хойдохыг даатгуулахдаа заавал 3 хоногийн дотор буюу хөдөөлүүлж гаргахаас өмнө хөтлүүлж даатгуулах ёстой. Хойдохыг даатгаж буй ламдаа барих өглөгийн зүйлсээ гарт нь бариулан дэлгэж өгдөггүй, хумхиж ламын ойр тавьдаг ёсон бий.
ГАЗАР АВАХ ЁСОН
Газар авахаар явахдаа хадаг, дугуй булантай цай, цай сүүний дээж, тавгын идээ, арц хүж, будаа тариа зэргийг авч явна. Очоод газраа шинжиж аваад цайгаа хадаг дэвсэн тавьж газар гуйна. Уул ус, хангай дэлхийн лус савдагийг аргадан ном уншуулж очир эсвэл оронгийн эврээр зурж авдаг.
НОМ ХУРУУЛАХ
Бурхан болоочийн хойноос болон үлдэгсэдийн засал номыг уншуулахдаа алтан сав нээлгэхэд гарсан номыг өдөр өдөрт нь уншуулахаас гадна бурхан болоочийг сайн төрөл авахуулахын тулд ерөөл авахуулж, Лхогтой гүнрэг, Оройн ерөөл, Тарвачинбо, Сүр зэрэг номуудыг хуруулах хэрэгтэй.
БУРХАН БҮТЭЭЛГЭХ
Бурхан болоочийн хойдын буянд зориулан бурхан бүтээх эсэх тухай шинжээ нээж буй хүн хэлж өгдөг. Ямар бурхан бүтээхийг төрсөн мэнгэ, цагийн мэнгэтэй холбоотойгоор нэрлэж өгдөг. Бурхан бүтээлэг гэсэн бол маш хурдан бүтээлгэх хэрэгтэй бөгөөд сайтар шүтэж явах хэрэгтэй.
Бурхан бүтээлгэх гэдэг нь тухайн хүний хойноос үйлдэж байгаа том буян юм. Ер нь Бурхан шүтээн босгох бүтээхийн буян болон үр нь цаглашгүй юм. Гэхдээ хүн болгонд бурхан бүтээгдэггүй аав ээжийнхээ хойноос л бурхан бүтээж шүтэж явах учиртай. Мөн одоо үед хүмүүс хүн болгоны хойноос бурхан бүтээлгээд дараа нь хийдэд өргөх эсвэл гэртээ байлгах зэрэг дээр эргэлзэж яах ёстойгоо мэддэггүй. Эсвэл бурхан болоочийн хойноос бүтээлгэх бурханаа орон хийдэд бүтээж өгч болох юм.
ХАЙРЦАГАНД ХИЙХ
Талийгаачийг муу гаслангаас гэтэлгэж сайн заяаг олгохын тухайд зориулан тарни, тамга, шившлэгтэй шороо, элс тэргүүтэй зүйлс, эрдэнэ хийнэ. Монгол уламжлалын дагуу цай дэрлүүлж биеийн мах бодьтой зохилдсон өнгийн бүсээр биеийг ороож дээр нь номын хөнжил тавьдаг.
Дээр үед номын хөнжлийн зөвхөн сүүдрийг тусгадаг байсан байна. Энэ нь тухайн үед ховор байсантай холбоотой юм. Оршуулахаар авч явах үед ар гэрийнхэн , ойр дотны хүн тавагтай идээгээр даллан хоцордог байна. Мөн домботой цай, Жадамба судраар даллаж байдаг. Үүнийг хишиг буянаа тогтоож байна гэж үздэг.
МЭНГЭ ТАВИХ
Энэ нь талийгаачийг ойр төрөхөд нь таних гэсэн санаа юм. Мэнгэ буюу тэмдэгийг ихэнхдээ дал мөр, гаранд тавьдаг бөгөөд сүү буюу хар хөө, рашаан зэргээр түрхэж тавьдаг.
АДИС АВАХ
Адис авах ёс нь бурхан болоочийг хүндэтгэн үр хүүхэд ах дүү нар нь салах ёс үйлдэн эцсийн удаа биенээс нь адис жанлав авч байгаа юм. Бурхан болооч нь эрэгтэй хүн байвал түүний баруун өвдөгнөөс, эмэгтэй хүн байвал зүүн өвдөгнөөс адис авдаг. Гэхдээ зөвхөн үр хүүхэд, түүнээс дүү хүмүүс адис авдаг. Үнэхээр хүндэтгэлийн орон болсон тийм хүн бол бусад хүмүүс , ахмад хүмүүс адис авч болдог байна.
ГАРГАХ ЗҮГ, ИРЭХ ЗҮГ
Шинжээ нээгч үүнийг тодорхой хэлж өгнө. Гаргах болон ирэх зүгээс шалтгаалан явах болон ирэх зам мөрийг давхцуулахгүйгээр сонгон тогтоох ёстой.
Энэ нь бурхан болоочийн биеийг тээвэрлэж очсон замаар буцаж ирвэл намши дагуулдаг гэсэн ойлголттой холбоотой зан үйл юм. Ийм учраас зам буруулдаг ёсон байна.
ЗАМД ҮЙЛДЭХ ЗАН ҮЙЛ
Бурхан болоочийн шарилыг авч явах замд зам огтлох, гүүр, гол гатлах шаардлага гарвал будаа тариа, элс рашаан цацах зэргээр ариулан цээр гаргадаг байна. Оршуулганаас буцах замдаа эргэж харалгүй явдаг.
САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖ ҮГ ХЭЛЭХ
Хүмүүн төрсөн цагаасаа нас барах хүртлээ ямар нэгэн түүх намтарыг бий болгосон байдаг. Ийм учраас оршуулах зан үйлд оролцож байгаа хүмүүст хандан үйл хэргийг нь мөнхжүүлэх, дурсан санаж явах тухай үг хэлдэг.
ЗУЛ ӨРГӨХ
Зул бол мунхагийн харанхуйг арилгах гэрэл юм. Мөн бурхан болоочийн замыг гэрэлтүүлж сайн амгалан заяанд төрүүлэх зорилгоор Бурханд өргөж байгаа тахил юм.
РАШААЛГА ХИЙХ, УТАА ТАВИХ
Хар цагаан рашаан бэлдэнэ. Хар рашаан нь хар ус байх бөгөөд цагаан рашаан нь усанд сүү дусаан цэхэр болгосныг хэлнэ. Үхэгсдийн цээр, бузар болон тэр зүгийн мууг арилгаж ариусгаж байгаа зан үйл юм.
ШИД БУУСАН ӨДРҮҮДИЙН ЗАСАЛ
Шинжээ нээсэн хүн талийгаачийн сүнс хэд дэх өдрүүддээ эргэж болох тухай хэлж өгдөг. Энэ өдрүүдийг шид буусан өдөр гэх бөгөөд эдгээр өдрүүдэд сүм хийд болон гэртээ тусгайлан ном уншуулж буян хийх ёстой юм. Гэртээ ч эвтэй найртай , элбэг дэлбэг байх ёстой.
ХОНОГ ХУРААХ
Бурхан болоочийн зуурдын төрлийн хоногийг хурааж зуурдаас гэтэлгэн цаашид төрөл авахын тухайтад уншуулдаг ном юм. Энэхүү хурал номыг талийгаачийн 47 юм уу, 48 дахь хоног дээр нь уншуулдаг.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ