Үндсэн агуулга руу шилжих
УЛААНБААТАР БУЯН

МЭДЭЭЛЭЛ

Бидний тухай

60 жилийн түүхэн замнал

Улаанбаатар хотын хэмжээнд нас барагсдын шарилыг оршуулах ажлыг 1950-иад оны дунд үе хүртэл ил задгайгаар буюу булж оршуулж ирсэн бөгөөд зарим тохиолдолд хүсэлтийн дагуу авсалж газарт ухан оршуулдаг байжээ. Ингэж ил задгай оршуулж байсан нь хотын хүн амын сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлж, элдэв амьтан, өвчин тахал тараах нөхцөл болж байв.

Иймд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хорооны 1955 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 339/198 дугаар тогтоолоор «Хүүр оршуулах газар» нэртэйгээр анх байгуулагджээ.

1990-ээд он хүртэл улсаас санхүүжиж, төсөвт захирагдан байнгын алдагдалтай ажиллаж байсан тус байгууллага 1992 оноос «Иргэдэд үйлчлэх буян» компани нэртэйгээр зохион байгуулагдан өөрийгөө санхүүжүүлэх аж ахуйн тооцоонд шилжиж, захиргаа, мужааны хоёр цех, чулууны хэсэг, оршуулгын гурван цэг, тээврийн хэсэг, чимэглэл, худалдаа үйлчилгээ зэрэг 34 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байв.

2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 180 тоот захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 тоот тогтоолоор «Иргэдэд үйлчлэх буян» компани татан буугдаж, 2004 оны 06 дугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой, 100 хувь монгол хөрөнгө оруулалттай «Улаанбаатар буян» ХХК нэртэйгээр шинээр байгуулагдсан. Тэр цагаас шарил чандарлах үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлж, орчин үеийн техник технологитой хослуулан үзүүлж ирсэн билээ.

«Улаанбаатар буян» ХХК шашны зан үйл болон шарил чандарлах эртний уламжлалыг сэргээн дэлгэрүүлсэн нь сая гаруй хүн амтай хотын нийгмийн хэрэгцээнд нийцэж байв.

2014 онд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлийн өргөө, олон улсын стандартад нийцсэн бунхан, төв асар хаалга, зулын өргөө, гар рашаалах байр, засмал зам, зогсоол, гэрэлтүүлэг бүхий цогцолбор байгуулсан. Ингэснээр танхимын ёслол, хүндэтгэлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх болсон.

2015 оны 12 дугаар сараас нийслэлийн зөвшөөрөлтэй Нарангийн энгэр, Өлзийтийн мааньт болон Алтан-Өлгийн хүндэтгэлийн оршуулгын газруудад оршуулгын цогц үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэж байна.

Боловсон хүчин

«Улаанбаатар буян» ХХК 2004 онд Олон улсын оршуулгын холбоо болон Азийн орнуудын оршуулгын холбоонд гишүүнээр элссэн. Тус холбоодын шугамаар жил бүр зохиогддог их хуралд төлөөлөгчдөө оролцуулж туршлага судлах, АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны их сургуульд ажилтнуудаа суралцуулах, БНХАУ-ын Шанхай хотод мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг арга хэмжээний үр дүнд мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс суртахууны болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн инженер-техникийн ажилтан, үйлчилгээний ажилчдаас бүрдсэн хамт олон бий болсон.

Олон улсын стандарт

«Улаанбаатар буян» ХХК 2010 оноос Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007, 2018 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, Англи улсын итгэмжлэлийн байгууллага (UKAS) болон түүний салбараар баталгаажуулан гэрчилгээ авснаар буяны үйлчилгээний салбарт олон улсын стандарт хэрэгжүүлсэн Монголын анхны компани болсон. 2021 онд ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 тогтолцоог дахин баталгаажуулж, Олон Улсын Итгэмжлэлийн Форум (IAF)-ын мэдээллийн санд цахим гэрчилгээ холбогдсон.

Ингэснээр «Улаанбаатар буян» ХХК-ийн бүх төрлийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэж дүгнэж байна.