Үндсэн агуулга руу шилжих
УЛААНБААТАР БУЯН

Үйлчилгээ

Чандарлах

Олон улсын стандартын дагуу чандарлах, чандрыг хадгалах, дурсгалын байранд оршуулах үйлчилгээ.

Гал мандалд өргөх буюу чандарлах зан үйл

Буддын шашин дэлгэрсэн зарим оронд чандарлахыг оршуулгын хэлбэр бус, шарилыг оршоохын өмнөх зан үйл гэж үздэг. Таван махбодын үзлээр тухайн хүний махбодод нийцүүлэн оршоохыг сайн хэмээн үзнэ. Алтан сав нээхэд гал махбодтой гарвал шарилыг чандарлан галд өргөх, шороон махбодтой бол чандарлан газарт оршоох, хий махбодтой бол чандарлан салхинд өргөх, усан махбодтой бол чандарлан усанд оршоох, модон махбодтой бол чандарлан мод, бут тарих зэрэг зан үйл хийдэг.

Гал мандалд үлдсэн дөрвөн махбодыг нэгтгэн, тухайн хүний шарилыг гал мандлын бурхадад тахил болгон өргөснөөр эрдэнэ болгодог хэмээн үздэг. Энэ зан үйлд Бурхан болоочийг хойд төрөлдөө амгалан дээдийн төрлийг олохыг ерөөсөн номын тангараг, ерөөл багтдаг.

Манай компани Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан чандарлах үйлчилгээг санаачлан нэвтрүүлсэн. Улаанбаатар хотын баруун зүгт байнгын харуул хамгаалалт, ном уншлагатай буяны төв байгуулж, Бурхан болоочийг гүн хүндэтгэлтэйгээр чандарлан оршоох монгол уламжлалыг хадгалан хөгжүүлсэн. Энэ нь Монгол Улсын оршуулгын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх шинэ алхам болсон юм.

"Улаанбаатар буян" ХХК чандарлан оршоох үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн техник, технологиор үзүүлж ирсэн. Үйлчилгээ нэвтрүүлснээс хойш 30,000 гаруй Бурхан болоочийн дурсгалыг байнгын ном уншлага, тохижилт, харуул хамгаалалттай орчинд хүндэтгэлтэй мөнхжүүлсэн. Ингэснээр нийслэлийн 60 га газар оршуулгын зориулалтаар ашиглагдаж, дахин ашиглах боломжгүй болохоос сэргийлсэн.

Мөн Улаанбаатар хотын зүүн зүгт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Буяны төв цогцолбор"-т уламжлалт шашны зан үйлийг дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн технологитой хослуулан үйлчилгээ үзүүлдэг. Энд шарил чандарлах, чандрыг равнайлан суваргад залах, мөн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтын хананд чандрыг хүндэтгэлтэй залж мөнхжүүлэх боломжтой.

Чандарлан оршоох үйлчилгээний ач холбогдол

Шүтээн болсон газруудад залах нөхцөл бүрдэнэ

Чандарласнаар Бурхан болоочийг хүндэтгэлийн оронд залах боломж бүрдэнэ. Ингэснээр ихэс лам нарыг шүтээн болгон сүм хийдэд залах, ихэс дээдсийг хориг цаазад хүргэх, эгэл ардыг бурхан номын орон болон төрсөн нутаг усанд нь хүргэхэд дөхөм болдог.

Сүнс дээшлэх ач холбогдол

Гал мандалд өргөх үед үйлдэх шашны урилга, уншлага, зан үйлийн үрээр тухайн хүний энэ насанд үйлдсэн нүгэл хилэнц арилж, хойд насандаа сайн төрөлд төрөх зам нээгдэнэ хэмээн үздэг.

Газрын ашиглалтад тустай

Чандарлах нь газарт оршоохтой харьцуулахад оршуулгын газрын хэрэгцээг багасгах нэг сонголт юм.

Байгаль орчинд үзүүлэх нөлөө

Ар гэрийнхэн үйлчилгээний хэлбэрээ сонгохдоо өөрсдийн хүсэл, шашин, уламжлалын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь харгалзан үзэж болно.